Тоглолт Сөүл хотоос өмнө зүгт 30 км зайд оршдог Сувон хотын стадионд зохион байгуулагдана.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй Эмэгтэйчүүдийн Аваргуудын Лигийн тэмцээний шагналын сан $1 сая юм.
Нэгохян Клубийн 27 тамирчин, 12 ажилтан өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагаас хойш Бээжинд бэлтгэлээ базааж байгаад өчигдөр үдээс хойш Инчонд иржээ.
Тус клуб нь хилийн дээс давсан Умард Солонгосын анхны эмэгтэй хөлбөмбөгийн баг юм.
Бас 2018 оны арванхоёрдугаар сараас хойш Өмнөд Солонгост ирсэн Умард Солонгосын анхны спортын баг болж байна.
Умард Солонгостой холбоотой Өмнөд Солонгосын иргэний байгууллагуудын олон арван дэмжигч өчигдөр Инчонд цуглараад байсан ч Нэгохян клубийн тамирчид тэдэнтэй огт харьцалгүйгээр өндөр хамгаалалтын дор нисэх буудлаас гарч явжээ.
Умард Солонгосын тамирчид, төлөөлөгчид тэмцээний өмнөх өдөр буюу Мягмар гарагт хэвлэлийн хурал зохион байгуулах юм.
Энэ бол Нэгохян, Сувон клубүүдийн хооронд болох хоёр дахь тоглолт.
Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Мьянмарын Янгон хотод C хэсэгт таарч тоглоход Нэгохян баг 3:0 харьцаагаар хожиж байжээ.
Энэ удаагийн тоглолтын нийт 9,000 тасалбараас Мягмар гарагт
олон нийтэд 7,087 тасалбарыг нээлттэй зарахад хэдхэн цагийн дотор дууссан тухай Солонгосын Хөлбөмбөгийн Холбоо мэдээлсэн юм.
Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яам үлдсэн бүх тасалбарыг Хоёр Солонгосын Хамтын Ажиллагааны Сангийн санхүүжилтээр худалдан авч, иргэний байгууллагуудын төлөөлөгчдөд тараасан байна.
Тэд хоёр улсын багуудыг ялгалгүй хөгжөөн дэмжих бүлэг үзэгчдийг зохион байгуулахаар болжээ. Хагас шигшээ шатны өөр нэг тоглолт бас Сувоны стадионд Лхагва гарагийн 14:00 цагаас Melbourne City FC, Nippon TV Tokyo Verdy Beleza клубүүдийн хооронд болох юм.
Шигшээ тоглолтыг Бямба гарагийн 14:00 цагт мөн Сувонд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх