Колумбын поп одын олон жил үргэлжилсэн татварын маргаан ийм үр дүнд хүрч байна.
Испанийн засгийн газар Шакираг 2011 онд тус улсын нутаг дэвсгэрт амьдарч байхдаа олсон орлогоосоо татвар төлөөгүй хэмээн буруутгаж байсан юм.
Харин Испанийн дээд шүүх дуучин бүсгүйг тухайн үед Испанийн оршин суугч байгаагүй хэмээн дүгнэжээ. Хуулиар бол Испанид 183 хоногоос илүү урт хугацаанд амьдарсан хүн татвар төлөх үүрэг хүлээдэг юм байна.
Харин тус улсын засгийн газар 163 хоног амьдарсныг нь л баталж чадсан гэнэ.
Тиймээс шүүх Шакирагаас хураасан торгуулийг хүүгийнх нь хамт буцаан төлүүлэх шийдвэр гаргажээ. Испанийн эрх баригчид тус улсын иргэн, хөлбөмбөгчин асан Жерард Пикетэй хамт амьдарч байсан үндэслэлээр Шакираг олсон орлогоосоо татвар төлөх ёстой гэх маргаж байсан юм.
Гэвч Испанийн дээд шүүх Пике, Шакира нарын хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгах боломжгүй, 2011 онд Шакирагийн гол үйл ажиллагаа Испанид төвлөрч байсан нь батлагдаагүй гэж дүгнэжээ.
“Энэхүү шийдвэр нь найман жил үргэлжилсэн хүнд хэцүү сорилтын дараа гарч байгаа бөгөөд засаг захиргааны үйл ажиллагаанд хатуу хяналт дутагдаж байгааг харууллаа” гэж Шакирагийн өмгөөлөгч Хосе Луйс Прада мэдэгдсэн байна.
Испани улсын эрх баригчид сүүлийн арав орчим жилийн хугацаанд нутаг дэвсгэрт нь амьдарч байсан гадаадын урлаг, спортын алдартнуудтай холбоотой татварын асуудлаар шаргуу ажиллаж байгаа.
Тухайлбал Лионел Месси, Кристиано Рональдо нарын алдартай тамирчид татвараа бүрэн төлөөгүй хэрэгт буруутгагдаж байсан бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хоёр жил хүртэл хугацаатай хорих ялаас чөлөөлдөг Испанийн хуулийн дагуу тэд торны цаана суухаас аврагдаж байсан юм.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх