Тэрбээр OpenAI компанийг байгуулагдаад удаагүй байхад $38 саяыг хандивлаж байжээ. Тухайн үед тус компани ашгийн бус байгууллага байсан юм.

Гэвч сүүлд хиймэл оюуны технологийг хүн төрөлхтний сайн сайхны тусын тулд хөгжүүлэх анхны зорилгоосоо хазайж, ашгийн байгууллага болгон өөрчилсөн хэмээн Маск гүйцэтгэх захирал Олтмэнийг буруутгажээ.

Калифорни мужийн шүүгчид Маск, Олтмэн болон бусад технологийн салбарын төлөөлөгчийн мэдүүлгийг сонсоход гурван долоо хоногийн хугацаа зарцуулсан бол Даваа гарагт шийдвэрээ гаргахад ердөө хоёр цаг зарцуулсан байна.

Маск бас Майкрософт компанийг OpenAI ашгийн төлөө компани болох шилжилтэд тусалж, дэмжсэн хэмээн буруутгасан юм.

Үүний улмаас Майкрософтын гүйцэтгэх захирал Сатъя Наделла бас шүүхэд мэдүүлэг өгч байв. Майкрософт нь OpenAI компанийн хамгийн том хөрөнгө оруулагч юм.

OpenAI компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосны үр дүнд Майкрософтын нэхэмжлэл бас хэрэгсэхгүй болсон байна.

“Энэ хэргийн баримтууд болон цаг хугацаа анхнаасаа ийм шийдвэрт хүргэх нь тодорхой байсан” гэж Майкрософтын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Өчигдрийн шийдвэр Илон Маскийн шүүхийн олон цуврал ялагдлын сүүлийнх нь болж байна.

Тэрбээр өчигдөр шүүхийн шийдвэрийг

“хэрвээ хэсэг хугацаанд хулгай луйвраа мэдэгдэхгүй нууж чадвал буяны байгууллагуудыг дээрэмдэж болох арга замыг бий болголоо”

хэмээн шүүмжилж, шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

Сэм Олтмэн шүүхэд мэдүүлэхдээ Илон Маск анхнаасаа OpenAI байгууллагыг ашгийн төлөө бизнес болгохын төлөө байгаад зогсоогүй хяналтыг гартаа авахын тулд урт удаан хугацаанд тэмцэж байсныг баталсан юм.

Маск, Олтмэн нар 2015 онд OpenAI-г үүсгэн байгуулалцаж байсан боловч бусад хамтрагчид хяналтын давуу эрхтэй болох оролдлогыг нь няцаасны дараа Маск 2018 онд уг байгууллагаас гарч байжээ.

ChatGPT бүтээгдэхүүн нь үсрэнгүй амжилт гаргаж, Олтмэний нэр алдар өсөхтэй зэрэгцэн Илон Маск түүнийг болон OpenAI компанийг хурцаар шүүмжилж эхэлсэн юм.

Ажиглагчид Маск дээд шүүхэд давж заалдсан ч өчигдрийн шийдвэрийг буцаах боломжгүй гэж үзэж байна.