Боловсролын салбарт өөрийн гэсэн өнгө төрх, жишиг стандартыг тогтоосон "Шинэ Монгол" сургууль нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхэд бүрд тэгш боломж олгохыг зорьж ирсэн.

Анх 2000 онд үүд хаалгаа нээснээс хойш сургалтын төлбөрийг боломжит хамгийн доод хэмжээнд барихыг хичээж, асрамжийн газраас жил бүр нэг сурагчийг үнэ төлбөргүй сургахын зэрэгцээ олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санаачлан, төгсөгчдөө олон улсын шилдэг их, дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцуулах ажлыг тасралтгүй зохион байгуулж ирлээ. Учир нь сурах чин хүсэл эрмэлзэлтэй шавь байж гэмээнэ багш, сургууль оршин тогтнодог бөгөөд мэдлэгт "цангасан" хүүхдүүдийн мөрөөдлийг услан цэцэглүүлэх нь бидний туйлын зорилго юм.