"Монголын Хөрөнгийн Бирж" ХК нь "Future Tech Innovation" (FTI) шинэ индексийг албан ёсоор танилцууллаа. Энэхүү индекс нь АНУ-ын хөрөнгийн зах зээл дэх технологийн салбар болон тус салбарын үйл ажиллагаанд хамгийн чухал нөлөөтэй түүхий эд, эрчим хүчний компаниудын хувьцааны чиг хандлагыг нэгтгэн харуулах зорилготой юм.
Уг индексийг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох BGM Asset Management компанитай хамтран хөгжүүлсэн байна. Энэхүү гадаад зах зээлийн индексийг тооцож эхэлснээр тухайн индекс дээр суурилсан хөрөнгө оруулалтын шинэлэг бүтээгдэхүүнүүд бий болох боломж, суурь нөхцөл бүрдлээ.
Индексийг энгийнээр
Индекс гэдэг нь тодорхой үнэт цаас, санхүүгийн хэрэгслүүдийг багцлан, тухайн багцын үнийн ерөнхий хөдөлгөөнийг илэрхийлдэг үзүүлэлт юм. Энгийнээр хэлбэл, индексийг “тухайн зах зээлийн халууны шил” гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, тухайн зах зээл эсвэл хөрөнгө оруулалтын багц бүхэлдээ өсөж байна уу, буурч байна уу, ямар чиглэлд хөдөлж байгааг нэгтгэн харуулдаг хэмжүүр юм.
FTI индексийн онцлог
FTI индекс нь зөвхөн нэг хувьцааны хөдөлгөөнийг бус хиймэл оюун ухаан, технологи, зэс, эрчим хүчний чиглэлийн биржээр арилжаалагддаг сангууд буюу ETF-үүдээс бүрдсэн багцын нийт өгөөжийг харуулдаг. Ингэснээр хөрөнгийн зах зээл дэх хамгийн ирээдүйтэй салбаруудын чиг хандлагыг нэг дороос, цогцоор нь дүгнэх боломжийг олгож байна.
Мөн индекс нь давхардаагүй тоогоор дэлхийн 800 гаруй компанийн хувьцааг агуулж байгаа ба хөрөнгө оруулагчид нэг компанид төвлөрөхөөс илүүтэйгээр олон салбар, олон компанийн гүйцэтгэлийг хамарсан өргөн хүрээний багцын хөдөлгөөнийг харах боломжтой гэсэн үг юм.
Индексийн багц нь дараах бүтэцтэй байна.
-
- 50% - Технологи, Хиймэл оюун ухаан, Батлан хамгаалах салбар: Хиймэл оюун ухааны технологи бол хүн төрөлхтний түүхэнд газрын тос олборлож эхэлсэн, интернэт бий болсон үетэй дүйцэхүйц цоо шинэ хувьсгал, үсрэнгүй хөгжил юм. Энэхүү хурдацтай өсөлтийн дүр зургийг индексийн багцын тал хувь нь илэрхийлж байна.
- 10% - Зэсийн салбар: Ухаалаг утас, цахилгаан автомашин гээд ирээдүйн бүхий л технологийн гол түүхий эд болох зэсийн эрэлт 2040 он гэхэд 50%-аар өсөж, нийлүүлэлтээсээ 10 сая тонноор илүү байх төлөвтэй байна. Энэ нь урт хугацаанд зэсийн үнэ өсөх боломж байгааг илэрхийлж байна.
- 10% - Эрчим хүч: 2030 он гэхэд хиймэл оюун ухааны технологийн суурь бааз болсон дата төвүүдийн цахилгааны хэрэглээ хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа ба энэ нь өнөөгийн Японы нийт цахилгааны хэрэглээнээс давсан хэрэглээ юм. АНУ нь хамгийн том дата төвүүд байршиж буй бүс нутаг тул эрчим хүчний салбарын өсөлт өндөр байх боломжтой байна.
- 30% - АНУ-ын шилдэг 500 компани: Apple, Microsoft, Amazon зэрэг дэлхийн эдийн засгийг хөдөлгөгч аваргуудыг багтаасан энэ хэсэг нь багцын эрсдэлийг тараан байршуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Дэлхийн зах зээлд, Монголоос
Индекс нь олон улсын зах зээл дээр сүүлийн жилүүдэд зөвхөн хэмжүүр, мэдээллийн хэрэгсэл байхаас гадна санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн бий болох үндэс суурь болж байгаа ба энэ утгаараа дотоодын бирж дээр FTI индекс гарснаар цаашид уг индексийг дагаж хөдөлдөг биржээр арилжаалагддаг сан (ETF) зэрэг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд хөгжих боломж бүрдэж байна. Тус төрлийн шинэлэг бүтээгдэхүүн нь хөрөнгө оруулагчид заавал гадаадын үнэт цаасны компанид данс нээлгүйгээр, Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан дэлхийн хөрөнгийн зах зээлийн багцад хөрөнгө оруулах шийдлийг бий болгох боломжтой.
BGM Asset Management компанийн тухай:
BGM буюу "Балансэд грөүт менежмент" ХХК нь үндэсний баялаг бүтээгч ТЭСО группийн хөрөнгө оруулалттайгаар 2022 онд үүсгэн байгуулагдсан, Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй хөрөнгө оруулалтын менежментийн тэргүүлэгч компаниудын нэг юм. Өнөөдрийн байдлаар тус компани нь 60 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Future Tech Innovation - FTI Index
Ирээдүйг нэг багцад
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх