“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барихаар болж, энэ сарын 4-ний өдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд буй.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажлууд дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгджээ.
Төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл, зураг төслийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгааг албаныхан мэдээллээ.
Дулааны тавдугаар цахилгаан станц нь Монгол Улсын анхны төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа эрчим хүчний төсөл бөгөөд хувийн хэвшлийн түншлэгчээр Камбож улсын “Митайм Интернэйшнл” компани ажиллаж байгаа билээ.
Хоёрдугаар цахилгаан станц нь 1961 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 65 жил хуримтлагдсан үнсийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс зөөх ажлыг эхлүүлсэн бол ДЦС-2, ДЦС-4 ТӨХК-уудын үнс зайлуулах системийн шугам хоолойг шинэчлэл, өргөтгөлд нийслэлийн төсвөөс ₮7.8 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ.
ДЦС-5-ыг барих нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар бөгөөд үүнээс нийслэлийн хариуцах хөрөнгө 20% буюу 131.7 сая ам.доллар. 2025 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн ханшаар тооцоход энэ нь 467.4 тэрбум төгрөг. Үүнээс 2026 онд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, төслийн барилгын ажлын хугацааг 30 сараар тогтоож, 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулна гэж мэдээлээд байгаа юм.
Цагт 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх тавдугаар цахилгаан станц ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг найдвартай дулааны эрчим хүчээр хангах аж.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх