УИХ-ын дарга Б.Пүрэвдорж Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагаа нь манай хоёр улсын харилцааны чухал тулгуур болохыг онцолж, хууль тогтоох байгууллагуудын харилцаа идэвхжин, парламент хоорондын Хамтын ажиллагааны комиссын болон байнгын хороодын хамтын ажиллагаа өргөжиж, харилцан айлчлалууд тогтмолжиж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Их Хурал ОХУ-тай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээр зэрэг хэд хэдэн чухал баримт бичгийг соёрхон баталсныг дурдав.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын болон Холбооны Зөвлөлийн орлогч дарга нар Монгол, ОХУ-ын парламент хоорондын хамтын ажиллагааны Комиссын гуравдугаар хуралдааныг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулахын сацуу Холбооны Хурлын өндөр түвшний айлчлалыг Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа нотоллоо. Мөн “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх, хоёр улс хоорондын төлбөр тооцооны хүндрэлийг шийдвэрлэх, Москва-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэх, Орос, Монголын бүс нутгийн II чуулга уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах болон анагаах ухааны чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэргээр нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын, Холбооны Зөвлөлийн орлогч дарга нар энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Москва хотноо хуралдсан Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдааны протоколд гарын үсэг зурлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх