"Оюутан цагдаа" хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ. Бүртгэл зургаадугаар сарын 13-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна.

Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээлснээр англи, орос, хятад, япон, солонгос зэрэг гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй оюутан залуус "Оюутан цагдаа" хөтөлбөрт хамрагдана.

Хөтөлбөрт хамрагдсан залуус зургаадугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-нийг хүртэл ажиллах бөгөөд цагийн уян хатан нөхцөлтэй, хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлнө.

Мөн олон улсын жуулчид иргэдтэй харилцах замаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх, амьдарч буй нийгмийнхээ аюулгүй, амар тайван байдалд өөрийн хувь нэмрийг оруулах, амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж гэр бүлийн болон өөрийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлэх боломжтойг онцлов.

Өнгөрсөн онд оюутан цагдаад нэг цагийн ажлын хөлсийг 15,000 төгрөгөөр тооцож шимтгэл, нийгмийн даатгал зэргийг хасаад сард ₮1.5 саяыг олгож байжээ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор "Оюутан цагдаа" арга хэмжээг Нийслэлийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулдаг байна.

БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС:

https://forms.gle/uDz8RC7DUjGF1wiG7