"Хүүхдийн спорт цогцолбор" төслийн нээлт өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд болж, барилгын ажлыг эхлүүлж байгааг НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв. Барилгыг нэг жилийн дараа буюу 2027 оны есдүгээр сард ашиглалтад оруулах юм байна. 

Спорт цогцолбор ашиглалтад орсноор спортын 13 төрлийн дугуйлан тогтмол хичээллэж, жил бүр 7,000 гаруй хүүхэд сургалт, дасгалжуулалтад хамрагдах боломж бүрдэх гэнэ.

Мөн 40,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэнд спорт, чөлөөт цагийн олон талт үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөжээ.

Монголын Хүүхдийн Ордон нь 1958 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 24 төрлийн дугуйланд жил бүр 4,000 гаруй сурагч хамрагдаж, 60,000 гаруй хүүхдэд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлдэг байна.

Зургаан давхар спорт цогцолборыг барих нийт төсөв ₮23.5 тэрбум бол Монголын Хүүхдийн Ордны барилгыг ₮2.4 тэрбумаар засварлах тооцоолол гарчээ.