“Оюу толгой” компани ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор ажилтнуудаа хамруулдаг хөтөлбөрүүдийн нэг нь “Рио Тинто”-ийн Чилийн төрийн өмчит уул уурхайн компани “Коделко”-той хамтран хэрэгжүүлдэг “Мэргэжилтэн солилцох хөтөлбөр” юм. Энэ хүрээнд Оюу толгойн Гүний уурхайн үйл ажиллагааны удирдлагын тогтолцооны ахлах мэргэжилтэн Г.Оюунханд, Суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ням-Эрдэнэ нар Чили Улсын Чукикамата уурхайн инженеринг, үйлдвэрлэл, засварын багуудад хоёр сарын хугацаанд ажиллаж, дэлхийд хамгийн томд тооцогдох уурхайн үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцлоо.

Чили нь Монголтой харьцуулбал жилд ойролцоогоор 10-16 дахин их зэс олборлодог дэлхийн хамгийн том зэс нийлүүлэгч улс юм. Харин Коделко нь тус улсын нийт зэсийн 25%-ийг дангаараа олборлодог аж. Хөтөлбөрт оролцогчдын очиж ажилласан Чукикамата уурхай нь Коделкогийн харьяа уурхай бөгөөд 1915 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй.

Хөтөлбөрийн оролцогч Б.Ням-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцахдаа, ”Уул уурхайн баялаг түүхтэй Чили Улсад аюулгүй ажиллагааны дүрэм журмаас эхлээд техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, үйл ажиллагааны тасралтгүй байдал зэрэгтэй өөрийн биеэр танилцлаа. Энд уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжил үнэхээр өндөр төвшинд хүрсэн байна.

Үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулах зорилгоор хаана үйл ажиллагааны доголдол байгааг тодорхойлж, суурь шалтгааныг арилгах чиглэлд маш сайн төвлөрч ажилладаг юм байна. Жишээ дурдахад, гүний уурхайн олборлолт төлөвлөгөөндөө хүрэхгүй байсан шалгаан нь ээлж солих үйл явцын доголдлоос үүдэж байсныг илрүүлэн, тодорхой сайжруулалтын арга хэмжээ авснаар бүтээмж нэмэгдэж, улмаар олборлолтын төлөвлөөгөө биелүүлсэн жишээ нь анхаарал татсан” хэмээн онцолсон юм.

Б.Ням-Эрдэнэ, Г.Оюунханд нар Чили Улсын Чукикамата гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын төвд