Мөн Унгарын OTP банк Монгол Улсад салбар байгуулах албан бичгээ Ерөнхий сайдад гардуулж өгчээ.
ОТР банк нь Төв болон Зүүн Европын тэргүүлэгч бие даасан банкны группүүдийн нэг болох “OTP Group”-ын бүрэлдэхүүнд багтдаг. Төв оффис нь Будапешт хотноо байрладаг бөгөөд Төв, Зүүн Европ, Төв Азийн 11 оронд үйл ажиллагаа явуулж буй 17.5 сая хэрэглэгчтэй банк юм.
ОТР нь арилжааны, корпорацын, хувийн банк, зээл олголт, хөрөнгө оруулалтын сан болон бусад санхүүгийн шийдлүүдийг багтаасан бүх төрлийн банкны үйлчилгээ үзүүлдэг аж.
Энэ үеэр Унгарын OTP банкны ТУЗ-ийн гишүүн Ласло Вольф “Хэрэв манай банк Монголын зах зээлд үйлчилгээ үзүүлбэл, томоохон төслүүдийг санхүүжүүлэх хэмжээний хөрөнгө оруулалтыг санал болгоно. Мөн орон сууцны ипотекийн зах зээлд бүтээгдэхүүн санал болгох сонирхолтой байна.
Өнөөдрийн байдлаар Монголын банкны зах зээлд нэвтрэх эрх зүйн орчин төдийлөн таатай биш байгаа. Харин Ерөнхий сайд эрх зүйн орчныг шинэчилж, либералчлалын бодлого хэрэгжүүлж буйг илэрхийллээ. Энэ нь бидний хувьд Монголд хөрөнгө оруулах боломжийг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Засгийн газрын хэрэгжүүлсэн шинэчлэл, төлөвлөж буй реформуудыг хөрөнгө оруулагчид сайшааж байна” гэлээ.
Тус хуралдаан нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг бэхжүүлэх, бүс болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлоход чиглэсэн аж.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх