- Б.Ариунболд с 2018 года помогает детям, пострадавшим от семейного насилия и нуждающимся в поддержке
- Он инициировал кампанию 'Хүүхэд бүр ирээдүй' (Каждый ребенок - будущее)
- Компания ЦБОН и баскетбольная команда 'Омни Эрдэнэт майнерс' поддерживают его волонтерскую деятельность
- В прошлом году компания подарила подарки более чем 200 детям из приютов и центров временного пребывания
“Тусламж дэмжлэг нэн шаардлагатай хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх сайн дурын ажилд маань Манай ЦБОН компани болон Омни Эрдэнэт майнерс сагсан бөмбөгийн баг хамтран ажиллаж, дэмжсээр байгаад үргэлж талархалтай байдаг.”
Одоогоос 8 жилийн өмнөөс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, гэр бүлийн хараа хяналт багатай, тусламж дэмжлэг шаардлагатай хүүхдүүдэд өөрийн боломж бололцоогоор шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлэн, “Хүүхэд бүр ирээдүй” сайн үйлсийн аяныг санаачлан хэрэгжүүлж, тус аяныхаа хүрээнд түр хамгаалах байранд байдаг, асрамжийн төвд амьдардаг хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, өвлийн хувцаснаас авхуулаад шаардлагатай тусламжийг сайн санаат хүмүүсийн хандив болон өөрийн боломжид тулгуурлан хүргэсээр ирсэн “Хүүхэд бүр ирээдүй” сайн дурын аяны санаачлагч, хэрэгжүүлэгч, “Азтай савар“ ТББ-ын гишүүн, ЦБОН ХХК-ийн бүрдүүлэлт, тээврийн мэргэжилтэн Б.Ариунболдтой ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
- Хэзээнээс эхэлж энэ сайн үйлсийн ажлуудыг хийж эхэлсэн бэ? Эхлэх шалтгаан юу байсан бэ?
- 2018 онд найзынхаа санаачилсан сайн үйлсийн аянд оролцож, захын хороололд амьдардаг хүүхдүүдэд очиж тусалсан юм. Тэнд үнэхээр тусламж хэрэгтэй маш олон хүүхдүүд байдгийг мэдсэн тэгээд хүүхэд хамгаалах 108 төв рүү анх очсоноос хойш одоог хүртэл энэ ажлаа тогтмол хийх гэж хичээж байна.
- Сайн үйлсийн ажлуудыг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээлүүд тулгардаг талаар хуваалцвал?
- Үнэхээр тусламж дэмжлэг хэрэгтэй тэр хэсгийг олох, эргээд эргэх холбоотой байх, бас үнэхээр шаардлагатай зүйлсээр тусалж чадаж байна уу? гэдэг эргэлзээ бодол байдаг. Түр хамгаалах байранд байдаг хүүхдүүдэд гутал хувцас, хичээлийн хэрэгслээр туслалцаа үзүүлсэн ч буцаж гэртээ очоод эргээд ирэхдээ тусламжийн зүйлс нь бүгд алга болсон байдаг жишээ байна.
Тийм болохоор эргэх холбоотой байх, нэг удаа туслаад өнгөрөх явдал бол биш байдаг. Мөн үйл ажиллагаа явуулж буй асрах төвүүд дээр давтамжтай очихоос илүүтэйгээр түр хамгаалах байруудад тусламж үзүүлэхийг зорьдог нь тэнд тогтмол ирдэг, очих бүрд шинээр хүүхдүүд нэмэгдсэн байдаг тул тусламжийн хүрээ илүү олон хүүхдэд очих боломжтой гэж хардаг.
- Сайн үйлсийн ажлаа одоо хэрхэн үргэлжлүүлж байгаа вэ?
- Гудамжинд хаягдсан, дайруулсан, хүний буруутай үйлдлээс шалтгаалж хохирч байгаа нохой, муурт туслах ажил болон хүүхдүүдэд туслах сайн дурын ажлын хажуугаар би уул уурхайн ханган нийлүүлэлтийн ЦБОН ХХК-д бүрдүүлэлт, тээврийн мэргэжилтнээр ажиллаад 1 жил хагас болж байна.
Компани маань миний энэ ажлыг бүх талаараа маш сайн дэмжиж, жил бүрийн төлөвлөгөөндөө нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажил, төсөв батлан хамтран ажиллаж байна.
Өнгөрсөн жилийн тухайд манай компани түр хамгаалах байр болон охидын асрамжийн төвийн нийт давхардаагүй тоогоор 200 гаруй хүүхдэд хүүхдийн баярын бэлэг, хичээлийн хэрэгсэл, цүнх, өвлийн гутал бэлэглэсэн бөгөөд он гарснаас хойш охидын асрамжийн төвд шаардлагатай охидын ахуйн хэрэгсэл, дотуур хувцас, дүүргүүдийн түр хамгаалах байруудад хүүхдийн баярын бэлэг бэлтгэн тарааж, Омни Эрдэнэт майнерс багийн залуу тамирчидтайгаа хамтран хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан охидын асрамжийн төвд баярын эвэнт үйл ажиллагаа зохион байгуулж нэг өдрийг хамтдаа тоглож, хөгжилдөж өнгөрөөсөн.
- “Омни Эрдэнэт майнерс” баг та бүхний ажилд хэрхэн дэмжлэг үзүүлж оролцдог талаар дэлгэрүүлбэл?
- Манай ЦБОН ХХК нь 2025 оноос эхлэн Омни Эрдэнэт майнерс сагсан бөмбөгийн дээд лигийн багийн стратегийн түншээр ажиллаж, хүүхэд залууст сагсан бөмбөгийн спортыг дэлгэрүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд өнгөрсөн онд ОЭМ багийн тамирчин МУГТ Т.Санчир, А.Энхбаясгалан, Г.Одбаяр нар хүүхдүүдэд маань хичээлийн хэрэгсэл, цүнх бэлэглэх ажилд гар бие оролцон, нэг өдрийг хамтдаа сагсан бөмбөг тоглон дурсамж дүүрэн өнгөрөөсөн.
Энэ жилийн хувьд охидын асрамжийн төвд зохион байгуулсан хүүхдийн баярын үйл ажиллагаанд ОЭМ багийн залуу тамирчин О.Өсөхбаяр, З.Нямцогт нар нэг өдрийг хамтдаа өнгөрөөж, тэмцээн зохиож, дуулж, бүжиглэж маш сайхан өдрийг өнгөрөөсөн.
Тамирчид маань хариуцлагын хүрээнд зөвхөн бэлэг бэлэглээд өнгөрөх биш чин сэтгэлээсээ хүүхдүүдтэй харьцаж, тоглож, ярилцаж, дурсамжтай, гэрэл гэгээтэй цаг хугацааг бэлэглэж байсанд хүүхдүүд маань чин сэтгэлээсээ баярлаж, талархал илэрхийлж байсан.
- Цаашдын ажлуудад маш том амжилтыг хүсье. Сайн үйлсийг илүү дэлгэрүүлж, олон зуун хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг түгээгээрэй.
- Баярлалаа. Бид цаашдаа ч энэ ажлаа тогтмол үргэлжлүүлсээр байх бөгөөд хийж буй ажлаа олонд тэр бүр тайлагнаж, өөрсдийгөө харуулах бус тусламж шаардлагатай байгаа бяцхан хүүхдүүддээ тогтмол тусалсаар байх болно.
Энэ удаад товчхон танилцуулга хүргэсэн нь нийгэмд энэ төрлийн тусламж үргэлж хэрэгтэй байдаг хүүхдүүд байсаар л, нэмэгдсээр л байдаг, тэдэнд хүрч, өөрсдийн боломжид тулгуурлан дэмжлэг үзүүлж байгаарай гэж уриалахын зэрэгцээ та бидний хүргэсэн тус бяцхан хүүхдүүдийн ирээдүйд итгэл нэмж байдаг юм шүү гэж хэлье.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх