Энэ осол тус улсын зүүн хойд бүсэд, нийслэл Бангкок хотоос 650 км зайд оршдог Мукдахан хотод гарсан байна.

Мужийн захирагч Вораян Бунаратын мэдээлснээр Буддын шашны 34 лам болон таван сүсэгтэн хөрш зэргэлдээ Убон Ратчатхани хотын сүм рүү эргэл мөргөлийн зорилгоор алхаж байхад уг осол гарчээ.

Ослын улмаас таван лам газар дээрээ, гурван лам эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна. Сүүлд нэг лам нэмж нас барсныг Бунарат мэдээлжээ.

Өөр гурван лам хүнд бэртсэн байна.

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүү эцэг эхийнхээ пикап автомашиныг зөвшөөрөлгүй унаж, 10 км орчим явсны дараа хяналтаа алдаж, лам нарын цуваа руу дайрсан гэнэ.

Осол гаргасан хүү цочролд орсон тул мэдүүлэг авах боломжгүй байгааг орон нутгийн цагдаагийн албаны дарга Пайрож Тайпхутра мэдээлжээ.

Тайланд бол хүн амынх нь 93 хувь Буддын шашин шүтдэг, лам хуврагуудыг нийтээрээ дээдлэн хүндэлдэг улс.

Нөгөө талаар Тайланд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэлтээр дэлхийд сүүлд мушгидаг улсуудын нэг бөгөөд хүний амь нас эрсэдсэн осол байнга гардаг.

“Бид сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг маш хатуу чанга сахиж байгаа. Энэ осол зөвхөн манай мужид төдийгүй нийт орон даяар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх том сургамж болох ёстой. Ийм зүйл дахин тохиолдохоос сэргийлэхийн тулд бүх хүн, ялангуяа эцэг эхчүүдийн оролцоо чухал гэж би бодож байна” гэж Вораян Бунарат сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлжээ.