Хотын дарга Б.Пүрэвдагвын мэдээлснээр тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихээр болжээ. Тодруулбал жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг байна. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, мөн Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлэхээр болжээ.

Харин Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа

“Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна”

гэв.

Урт цагааны далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн барилгын ажлыг “Бодь Пропертийз” ХХК гүйцэтгэсэн билээ.