Идэвх санаачилгатай гадаад бодлогын үйл ажиллагааны үр дүнд Монгол Улс дэлхийн энх тайван, аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлт, соёлын дипломат ажиллагаанд манлайлах үүрэг гүйцэтгэх болов.

Нэг. Гадаад бодлогын ололт амжилт ба "гуравдагч хөрш"-ийн бодлогын шинэ шат

Сүүлийн хэдхэн жилд Монгол Улсын дипломат харилцааны цар хүрээ урьд хожид байгаагүйгээр өргөжин тэлэв Мөнхийн хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийн эрхзүйн үндэслэлийг улам бататгахын зэрэгцээ "гуравдагч хөрш"-ийн бодлогыг эдийн засаг, технологи, байгаль орчны агуулгаар баяжуулсан нь гол амжилт юм.

Монгол Улсын гадаад харилцааны ололт амжилт нь зөвхөн бүс нутгийн идэвхтэй тоглогч төдийгүй, дэлхий дахины тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг “хариуцлагатай, найдвартай түнш” гэдгийг нотлон харуулсан явдал болов. Монгол Улс НҮБ-ын гишүүн улстай дипломат харилцаа тогтоож, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна.

Монгол Улс гадаад харилцааны шинэ сэргэлтийг эхлүүлж, НҮБ-ын гишүүн бүх улсуудтай буюу 192 оронтой дипломат харилцаа тогтоов. Эдүгээ Монгол Улс НҮБ-ын ажиглагч Палестин, Гэгээн Ширээт улс, ЕХ-г оролцуулаад 195 улс, холбоодтой дипломат харилцаатай байна. Монгол Улс идэвхтэй гадаад бодлого, дипломат ажиллагаа явуулснаар хамгийн сүүлд 2025 онд Ботсвана, Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго улсуудтай дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын гишүүн орнуудыг 100 хувь гүйцээсэн түүхэн амжилт үзүүлсэн юм.

Монгол Улс шиг НҮБ-ын гишүүн бүх улстай, мөн ажиглагч гишүүдийг оролцуулаад дипломат харилцаа тогтоож чадсан улс одоогоор дэлхийд маш цөөхөн буюу ердөө Бразил, Вьетнам, Швейцар, Энэтхэг Куба зэрэг 15 орчим улс л байна.

Дэлхийн ихэнх их гүрнүүд геополитикийн зөрчил, дайн, үзэл суртал, Тайвань, Хойд Солонгос болон Израиль-Палестины асуудлаас шалтгаалан аль нэг улстай харилцаагаа тасалсан эсвэл огт тогтоогоогүй байдаг.

Манай өмнөд хөрш БНХАУ 11 улстай дипломат харилцаагүй, тэдгээр нь Тайваньтай дипломат харилцаатай, тэдний нэг нь НҮБ-ын ажиглагч Гэгээн Ширээт улс байдаг. АНУ гэхэд л НҮБ-ын гишүүн Хойд Солонгос, Ирантай, Бутан, ажиглагч Палестинтай дипломат харилцаагүй, ОХУ нь НҮБ-ын гишүүн 193 орны 188-тай нь дипломат харилцаатай байна. Үүн дээр НҮБ-ын ажиглагч хоёр улс Ватикан, Палестин болон НҮБ-ын гишүүн бус буфер бүс Абхаз, Өмнөд Осеттэй дипломат харилцаатай байдаг. Дипломат харилцаагүй гишүүн Бутан (дипломат харилцаа хэзээ ч тогтоож байгаагүй), Соломоны арлууд (харилцаа тогтоогоогүй), 2008 оны дайнаар харилцаагаа албан ёсоор тасалсан Гүрж болон 2022 онд дипломат харилцаагаа тасалсан Украин Улс болж байна.

Монгол Улс 2025 оны есдүгээр сараас Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2026 оны нэгдүгээр сараас Зэвсэг хураах бага хурлыг даргалж байгаа билээ.

Хоёр. Түүхэн айлчлалууд: Монголыг зорьсон дэлхийн удирдагчид

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд дэлхийн дипломат харилцааны чухал зангилаа төвүүдийн нэг болов. Үүний тод илрэл нь Монгол Улсад айлчилсан гадаадын төр, засгийн тэргүүнүүдийн цуврал айлчлалууд билээ.

2022 оны зун НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр хэлэхдээ: Монгол Улсыг “хямралтай дэлхий ертөнц дэх энх тайвны бэлгэ тэмдэг” болж байна хэмээн сайшааж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус болон энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоог өндөр үнэлсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2023 оны намар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францискийн Монгол Улсад хийсэн анхны түүхэн айлчлал дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын ардчилсан тогтолцоо, шашин шүтэх эрх чөлөө, олон зуун жилийн түүхтэй хүлцэн тэвчих соёлыг онцлон сайшаасан юм.

БНХАУ, ОХУ болон Европын Холбооны гол түнш орнуудын төр, засгийн тэргүүнүүд, сүүлийн байдлаар 2025 оны зун Японы Эзэн хаан Нарүхито, 2026 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ-Мён, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар Монгол Улсад төрийн айлчлал хийв. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө БНХАУ, ОХУ, Япон, Франц, Вьетнам, Куба, Төв Ази зэрэг орнуудад амжилттай айлчилж, уул уурхай, суурь бүтэц, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарын олон чухал хэлэлцээрүүдийг үзэглэсэн байна.

Гурав. НҮБ-ын индэр дэх Монголын дуу хоолой ба шинэ санаачилга

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулгануудын индэр бол Монгол Улсын олон улсын манлайллыг илтгэх гол талбар юм. Монгол Улсын төрийн тэргүүн НҮБ-ын ЕА-н чуулгануудад оролцохдоо дэлхий дахинд чиглэсэн хэд хэдэн томоохон санаачилга дэвшүүлсэн билээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхийн тавцанд гаргах, Цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх санаачилгыг НҮБ-ын уур амьсгалын зорилтуудтай уялдуулав.

Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх олон улсын бага хурлыг амжилттай зохион байгуулж, Монгол Улсын гадаад бодлогод феминист чиглэл тод илрэх болов.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэлхийн хүнсний хомсдолтой тэмцэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж буйг танилцуулав.

Дөрөв. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулганууд дахь манлайлал

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дээд түвшний уулзалтуудад тууштай, өндөр түвшинд оролцож ирэв. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд хамгийн их өртөж буй орнуудын нэг хэдий ч бид зөвхөн гомдоллогч биш, идэвхтэй шийдэл хайгч байх болно гэдгийг онцолж байгаа юм. Энэхүү амлалтын хүрээнд Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авсан нь байгаль орчны дипломат ажиллагааны түүхэн ялалт бөгөөд Монголын ногоон манлайллыг дэлхий хүлээн зөвшөөрсний баталгаа юм.

Тав. Дэлхий нийтэд цуурайтсан үгс: Энх тайвны эрэлхийлэл

Монгол Улсын олон улсын байр суурийг тодорхойлоход гадаадын нөлөө бүхий удирдагчдын хэлсэн үг чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Франциск Төрийн ордны их танхимд хэлсэн түүхэн үгэндээ: “Монгол Улс бол тэнгэр газар уулзах уудам нутаг төдийгүй, хүн төрөлхтний туулж буй дайн дажин, хямралын энэ үед энх тайвныг эрхэмлэгч, зөрчилдөөнийг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг уриалж буй чухал гүүр, “энх тайвны мөргөлчин” юм” хэмээгээд “Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон орон юм” гэж онцлов. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш Монголыг геополитикийн туйлшралгүй, геостратегийн хувьд ухаалаг, төвч зуучлагч орон гэдгийг олон улсад байнга нотолдог билээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ:

“НҮБ-ын анхлан тунхагласан эрхэм зорилго бүрэн хэрэгжиж чадсан эсэхийг нухацтай эргэцүүлэн бодож, найман зууны тэртээ улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүн төрөлхтөн хөгжин дэвжих үндэс суурийг тавьсан “Монголын их амар амгалан”

-гийн үзэл санааг шингээн, Пакс Глобалика буюу “Дэлхий нийтийн амар амгалан”-г тогтоож чадахуйц хүчирхэг НҮБ болгохын төлөө бүх гишүүн улс орон хамтран зүтгэцгээе” хэмээн уриалав.

Зургаа. Мөнхийн хоёр хөршийн түншлэл: Эдийн засгийн коридор ба стратегийн тогтвортой байдал

Монгол Улс олон улсын тавцанд идэвхтэй манлайлахдаа газар зүйн хувьд хиллэдэг мөнхийн хоёр хөрштэйгөө харилцах харилцааг бүс нутгийн тогтвортой байдлын гол зангилаа гэж үздэг. Сүүлийн жилүүдийн гадаад харилцаанд гарсан гол ололтын нэг нь Монгол-Орос-Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт чанарын шинэ шатанд гарч, тогтмолжиж, гурван талт хамтын ажиллагааны механизм, дунд хугацааны замын зураглалыг амжилттай хэрэгжүүлж буй явдал юм. Үүний илрэл нь БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан Гурван улсын төрийн тэргүүн нарын долоо дахь удаагийн дээд түвшний уулзалт байв. Энэхүү стратегийн хүрээнд дараах гол төслүүд бодит ажил хэрэг болж байна. “Эдийн засгийн коридор” ба суурь бүтцийн тухайд Монгол Улсын “Талын зам” санаачилгыг Хятадын “Бүс ба Зам”, Оросын “Евразийн эдийн засгийн холбоо”-ны стратегиудтай уялдуулан тээвэр, ложистикийг эрчимтэй шинэчилж байна. Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтуудын хил дамнасан төмөр замын холболтыг эрчимжүүлж, гурван улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх томоохон алхмууд хийгдэв.

ОХУ-аас Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой дамжуулах “Сибирийн хүч-2” төслийн гурван талт хэлэлцээрүүд болон эрх зүйн баримт бичгүүд амжилттай урагшлав.

Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ШХАБ болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд Монгол Улс тууштай оролцож, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгаараа дамжуулан Зүүн Азид энхийг сахиулах гүүр болж байна.

Хоёр хөрштэйгөө тогтоосон улс төрийн өндөр итгэлцэл нь Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдлыг хангахын зэрэгцээ “гуравдагч хөрш”-ийн бодлогыг тэнцвэртэй хэрэгжүүлэх бат бөх суурь болж байна.

Долоо. Үгүйсгэж үл болох эдийн засгийн амжилт

Ядуурал, агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн замын түгжрэлийг шийдэх, парламентын засаглалыг төгөлдөршүүлэх болон бусад тулгамдсан олон асуудал байгаа хэдий ч Монгол Улсын ДНБ нэрлэсэн үнэлгээгээр 2000 онд 1.14 тэрбум ам.доллар байсан бол 2025 оны эцэст 25.37 тэрбум ам.доллароор хэмжигдэж, даруй 22.2 дахин өсөж тэлэв. Үндэсний валютаар тооцвол 2000 онд 1.2 их наяд төгрөг байсан эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөг болж, нэрлэсэн үнэлгээгээр 75 дахин өссөнийг ОУВС-гийн шинжилгээг үндэслэн Trading Economics мэдээлсэн юм. Энэ бол эдийн засгийн гайхамшигт амжилт, олон улсын манлайллын тод жишээ юм.

Энэхүү үзүүлэлт нь инфляц болон валютын ханшийг шингээсэн нэрлэсэн өсөлт бөгөөд сүүлийн 25 жилд дэлхий дахинд уул уурхай, үйлдвэрлэл болон технологийн үсрэнгүй хөгжлөөр эдийн засгаа ийм хэмжээнд тэлж чадсан хэдхэн улс л байна.

Дэлхийн банкны мэдээллээр сүүлийн 25 жилд буюу 2000-2025 оны хооронд номинал үнэлгээгээр 15-аас 25 дахин болон түүнээс дээш өсгөж, амжилт үзүүлсэн улс орнуудыг нэрлэвэл БНХАУ, Вьетнам, Францын Гайана, Казахстан улсууд байгаа юм.

Их гүрнүүд геополитикийн ноцтой сорилттой тулгарч буй эдүгээ үед Монгол Улсын гадаад бодлого “идэвхгүй ажиглагч”-аас “дэлхийн үйл хэрэгт идэвхтэй оролцогч, манлайлагч” болон гарч ирсэн түүхэн цаг үе үе хэмээн үзвээс зохилтой. Монгол Улсаас явуулж буй гадаад бодлогын стратеги, “Тэрбум мод” хөтөлбөр зэрэг байгаль орчны томоохон санаачилгууд, СОР17-г эх орондоо зохион байгуулах эрх авсан зэрэг нь манай орныг дэлхийн хамтын нийгэмлэг, тавцанд улам тод, нэр хүндтэй болгож байна.

Хөх тэнгэрийн орноос цуурайтах энх тайван, ногоон хөгжлийн дуу хоолой хүн төрөлхтний ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулсаар байх нь дамжиггүй буй за.

Монголчууд бид алдаа дутагдлаа шүүн хэлэлцэхийн зэрэгцээ бүтээсэн ололт амжилтаараа тод томруун бахархах зүй ёсны эрхтэй билээ.