Хорин жилийн өмнөх буйдхан сум 20 мянган хүн амтай шинэ суурьшлын бүс болоход нөлөөлсөн гол хүчин зүйл бол Энержи Ресурс компанийн зөв менежмент, бүтээн байгуулалт гэдгийг тоон мэдээлэл илтгэж байна.

Тус компани 2009 онд “Ухаа худаг” уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхтэй зэрэгцээд суманд цахилгаан станц, орон сууц, сургууль, цэцэрлэг, ус хангамжийн нэгдсэн систем гээд дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг эрчимтэйгээр хийсэн нь өдгөө шинэ суурьшлын бүс болох гол суурь болжээ.

Үндэсний статистикийн хорооны графикаас харвал уурхайн үйл ажиллагаа эхэлсэн 2009 оноос хойш тус суманд суурьших иргэдийн тоо жил бүр мянга орчмоор тогтмол өсжээ.

Энержи ресурсын тайланд дурдсанаар Цогтцэций суманд байгуулсан энэ бүтээн байгуулалтад 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулжээ. Нэг хувийн компанийн сайн засаглал, зөв менежментийн үр дүнд нь нийслэлд ирэх ачаалал бага ч гэсэн хэмжээнд буурч, төвлөрлийг сааруулахад бодит хувь нэмэр оруулж буй сайн жишээ энэ юм.

Иймээс хариуцлагатай томоохон уул уурхайн компаниудад сум, орон нутгийнхан нэн түрүүн нийгмийн суурь дэд бүтцийг бий болгох шаардлага тавих, энэ чиглэлд хамтран ажиллах нь чухал юм.