- Фулбрайтовская программа отмечает 80-летие.
- В Монголии программа действует более 30 лет.
- Более 400 монгольских студентов обучались в США по программе Фулбрайт.
- Более 250 американских студентов приезжали в Монголию.
- Совместная программа Фулбрайт для иностранных студентов продлена до 2032 года.
1946 онд АНУ-ын сенатор Ж.Уильяам Фулбрайтын санаачилгаар байгуулагдсан энэ хөтөлбөр өдгөө 160 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, 400,000 гаруй төгсөгчтэй болжээ. Харин манай улсад Фулбрайт хөтөлбөр хэрэгжиж эхлээд 30 гаруй жил өнгөрч буй бөгөөд Монголын 400 гаруй залуус АНУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцсан бол АНУ-аас 250 гаруй залуус Монголд ирж суралцжээ. Өөрөөр хэлбэл хоёр улсын нийтдээ 650 гаруй залуу боловсон хүчин эрдэм мэдлэг, нийгмийн хүрээллээ тэлж, ажил мэргэжлийн замналаа шинэ шатанд гаргах боломжийг энэхүү хөтөлбөр олгоод байна.
Фулбрайт хөтөлбөрийн 80 жилийн ойн арга хэмжээг нээж АНУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Эмма Ломакс хэлсэн үгэндээ "Фулбрайтын төгсөгчийн хувиар, манай хоёр ард түмний хооронд гүүр болж байдаг боловсролын хүч бол АНУ-Монголын харилцааны гол цөм гэдгийг би мэднэ. Энэхүү хөтөлбөрт хамтран хөрөнгө оруулснаар Монгол Улс зөвхөн үр шим хүртэгч биш, харин бүрэн эрхт түнш болсон юм. Энэхүү түншлэл нь манай Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тодорхойлдог итгэлцэл, амлалт, харилцан хүндэтгэлийн тусгал болдог. Энэ амжилттай түншлэлийн үр дүнд Фулбрайтын гадаад оюутны хамтарсан хөтөлбөр 2032 он дуустал үргэлжлэхээр болж буйг дуулгахад таатай байна.
АНУ-д олж авсан таны туршлага, мөн Фулбрайт хөтөлбөрийн америк төгсөгчдийн Монголд олж авсан туршлага ямар ч бодлогын баримт бичгээр тогтоох боломжгүй ойлголцлыг бий болгодог. Нөхөрлөлийг хуулиар тогтоох боломжгүй. Үүнийг амьдруулж, хуваалцаж, цаашид үргэлжлүүлэн авч явах ёстой. Энэ хөтөлбөр яг үүнийг л хийдэг" хэмээсэн юм.
Мөн Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир "Фулбрайт нь өдгөө 160 гаруй улсад хэрэгждэг дэлхийн хамгийн том боловсролын солилцооны хөтөлбөр болон өргөжөөд байна.
Монголын хувьд энэ түүх 1992 онд анх Фулбрайтын анхны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэн нь Б.Жадамба багш маань АНУ-ыг зорьсноор эхэлж байв. Тэр цагаас хойш 30 гаруй жилийн туршид Фулбрайтын хөтөлбөр нь манай хоёр улсын харилцааны "тулгын чулуу" хэвээр байгаад талархалтай байгаагаа илэрхийлье. 2010 онд хоёр улсын Засгийн газар хамтран Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийг байгуулсан. Ингэснээр Монгол Улс санхүүжилт оруулдаг түншлэгч цөөн орны нэг болсон юм. Хамтарсан уг хөтөлбөрөөр 150 гаруй залуус боловсрол, байгаль орчин, нийгэм, технологи, геологи, уул уурхайн инженерчлэл зэрэг манай улсын хөгжилд хэрэгцээт мэргэжлээр АНУ-ын их сургуулиудад магистрын зэрэг хамгаалан эх орондоо ирж, салбартаа манлайлан ажиллацгааж байна" хэмээв.
"Намайг багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудлыг хариуцдаг байсан учраас Фулбрайтаар явуулахаар шийдсэн байх"
Фулбрайтын хөтөлбөрт Монголоос анх удаа хамрагдсан академич Б.Жадамба энэхүү арга хэмжээний хүндэт зочдын нэг байв. Түүнээс хөтөлбөрт хамрагдаж байсан үеийн дурсамжийг нь хуваалцлаа.
Монгол Улсын Ардын багш, академич Б.Жадамба
"Би тэр үед Багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудлыг хариуцдаг, Багшийн их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байлаа. Нэг өглөө Боловсролын сайд дуудахаар нь яваад очтол "
Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт чамайг явуулна. Англи хэл мэднэ биз дээ. Гурав хоногийн дараа Америкийн Элчин дээр яваад оч" гэсэн. Би Московский Государственный Университет(МГУ) төгссөн, тэр үедээ англи хэл дээр уншдаг, мэддэг байлаа. Одоо бодоход намайг багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудлыг хариуцдаг байсан учраас явуулахаар болсон байх. Сайдын зөвлөлөөр ярилцаад намайг сонгосон юм байна лээ.
Ингээд гурав хоногийн дараа ЭСЯ дээр очиход Элчин сайд тосож аваад, миний паспорт дээр виз, АНУ явах тасалбар, яаж явах талаарх маршрут, замын хоолны мөнгө өгсөн дөө.
Улаанбаатараас Бээжинд буухад нисэх буудлаас Бээжин дэх АНУ-ын Элчин сайд эхнэртэйгээ тосож авсан. Нисэх буудлын ойрхон зочид буудалд байрлаад хамт хооллоцгоосон. Би тэр өдөр Элчин сайдтай нэлээд удаа ярилцсан. Монголоос анх удаа энэ хөтөлбөрт хамрагдах гэж байгаа хүн учраас ч тэр үү надад тун хүндэтгэлтэй хандсан.
Бээжингээс Наритагаар дамжаад Сан Франциско, тэндээс Питтсбургэд буусан. Нэлээд олон цаг ниссэн санагддаг.
Хэдийгээр би өөрөө физикийн мэргэжлийн, тэр дундаа цөмийн физикч хүн боловч тухайн үеийн ажиллаж байсан чиглэлээрээ буюу Питтсбургэд боловсролын чиглэлээр магистрт сурсан. Нэг жил сураад төгсөх болоход сургуулийнхан маань дахиад хоёр жил сунгаад сурчих гээд намайг үлдээх гэж нэлээд ятгасан. Гэхдээ хүүхдүүд маань бага балчир байсан учир гэр лүүгээ яараад сунгаж ажиллаагүй юм.
Фулбрайтын тэтгэлгийн маш том давуу тал нь тэтгэлгээр сурч, судалгаа хийж буй хүмүүс өөр улсад хурал зөвлөгөөнд оролцоход ч зардлыг нь дааж байсан. Хангамж сайтай хөтөлбөр шүү дээ.
Би буцаж ирэнгүүтээ Монголд байхдаа эхлүүлээд байсан ДАНИДА гэж төслийн багийн уулзалтад очихоор боллоо. Онгоцны буудлаас шууд очтол төслийн гадаад хамт олон маань хэлтэй хүн ирлээ, орчуулагчгүйгээр ярих ямар сайхан юм бэ гэцгээж байлаа. Фулбрайтын хөтөлбөрт суралцаж, судалгаа хийхийн зэрэгцээ хэлээ сайжруулсан маань цаашид олон улсын төсөл дээр ажиллахад маш том хэрэг болсон. Надаар дамжуулаад Монголын боловсролын салбарт асар том үр өгөөж ирсэн гэж юм шүү дээ.
Жишээлбэл Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийг удирдаж байхдаа АНУ-аас 36 багшийг гурван жилээр авчирч, англи хэлний анхны багш нарыг бэлдэж байлаа. Нийтдээ 650 багш бэлдсэн" гэв.
Товчхондоо Б.Жадамба багш АНУ-д суралцаж, англи хэлээ гаргуун эзэмшээд ирснээрээ Монгол Улсын боловсролын салбарт гадаадын тусламжаар хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрийг удирдагч, зохицуулагчаар ажиллаж, Монголын боловсролын салбарын бусад улстай холбох гүүр нь болж ажиллажээ.
Өдгөө түүний татуулсан замаар Монголын хэдэн зуун залуу боловсон хүчин суралцаж, салбар салбартаа манлайлан ажилласаар байна.
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх