Тэгвэл тэдний хоёр нь захирлынхаа тушаалаар нурсан худалдааны төвд буцаж ороод амиа алдсан нь сая тодорхой болжээ.
Өргөн хэрэглээний барааны Хабита дэлгүүрийн хоёр ажилтан худалдааны төв дотор сэйфэнд үлдсэн бэлэн мөнгийг авахаар буцаж ороод амиа алдсан юм байна.
Өчигдөр тус компанийн удирдлага “хоёр эрдэнэт хүний амь насыг эрсдэлд оруулсандаа” уучлал гуйжээ.
“Тухайн үед өгсөн даалгавар зохимжгүй байсан бөгөөд би үүнд үнэхээр их харамсаж байна” гэж Хабитагийн борлуулалт хариуцсан захирал Гожи Юсе мэдэгдсэнийг NHK суваг дамжуулсан юм.
Амь үрэгдсэн ажилчдын нэг нь 22 настай эмэгтэй Күрүми Отаке байсан бол нөгөө ажилчны нэрийг нийтэд зарлаагүй байна.
Отакег газар хөдлөлтийн дараа худалдааны төвөөс гүйн гарч ирэхэд гэрийнхэн нь хүлээж байсан гэнэ.
Гэвч тэр компани нь үлдсэн бэлэн мөнгийг авчрах даалгавар өгснийг гэрийнхэндээ хэлээд буцаж орсон гэнэ.
Ням гарагт Отакегийн оршуулгын ёслолд оролцсон компанийн хоёр төлөөлөгч ийм үйл явдал болсныг баталж, ар гэрийнхнээс нь уучлал гуйжээ.
“Одоо эргээд харахад энэ нь хүний аминаас илүү үнэтэй зүйл байгаагүй” гэж Юсе сэтгүүлчидтэй уулзахдаа хэлээд компани уг асуудалд ямар хариу арга хэмжээ авах талаар бодож байгааг мэдээлсэн байна.
Отаке гурван жилийн өмнө аав нь нас барсны дараа ээжийгээ асарч халамжилдаг байсныг түүний төрөл төрөгсөд Асахи Шимбүн сонинд ярьжээ.
“Хэрвээ тэр худалдааны төвд буцаж ороогүй бол өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ хамт байх байлаа” гэж тэдний нэг хэлсэн байна.
Aeon Mall худалдааны төвөөс бүх үйлчлүүлэгчдийг нүүлгэн шилжүүлснээс хойш нэг цагийн дараа зарим ажилтнууд дотор нь үлдсэн байсан юм. Энэ үеэр алдагдсан хий дэлбэрсний улмаас тэд нурангид дарагджээ.
1976 онд байгуулагдсан Хабита нь Японы хэд хэдэн мужид арав гаруй салбар дэлгүүр ажиллуулдаг юм байна.
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх