ОХУ-ын тулаанч Умар Нурмагомедов, БНХАУ-ын Сон Ядунг нарын гол тулааны өмнөх чансаа ахиулах тулаанд Б.Намсрай Бразилын Андре Лиматай нударга зөрүүлэх юм.

Өдгөө 27 настай А.Лима хоёр жилийн өмнө Т.Нямжаргалтай тулалдахаар төлөвлөсөн ч манай тамирчин визийн асуудлаар тулаанаа цуцалсан удаатай.

Тэрбээр 2024 оны гуравдугаар сард UFC-д хийсэн анхны тулаанаасаа олонд танигдсан хүн. Нутаг нэгт Игорь Северино түүнийг хазаж, UFC дэх тулааны замналаа өндөрлүүлсэн түүхтэй. Үүнээс хойш тэр Мич Рапосо, Фелип Дос Сантош, Даньел Барез нарыг дараалан ялсан ч өнгөрсөн оны зургаадугаар сард Кэвин Борхаст дийлдсэн юм.

И.Северинод хазуулсан булчин дээрээ тэр дараа нь шивээс хийлгэж байв. "Bite of Night" гэх нэрээр түүхэнд үлдсэн энэ тулаанаар А.Лимад 50,000 ам.долларын урамшуулал өгсөн байдаг. 

Манай тамирчин Б.Намсрай өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-ын Шуай Иенийг буулгаж авснаар UFC-д тулалдах эрхээ авсан юм.