Тэгвэл ирээдүйн нийгэмд амжилттай ажиллаж, амьдрахын тулд хүүхэд ямар мэдлэг, чадвартай байх ёстой вэ? Хүүхдийн эргэцүүлэн бодох, асуудал шийдвэрлэх, бие даан суралцах чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ? Ерөнхий боловсролын салбар дэлхий дахинд ямар чиглэлд хөгжиж байгаа, Монголын боловсролын системд ямар өөрчлөлт шаардлагатай талаар Гэгээ сургуулийн захирал Б.Билгүүнтэй ярилцлаа.

Тэрбээр АНУ-ын Пенсильванийн их сургуульд Боловсролын удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд олон улсын боловсролын чиг хандлага, сургалтын шинэ арга зүйг монгол хүүхдийн хэл, соёл, суралцах онцлогт нийцүүлэн сургалтын бодит орчинд хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.


- Монголын ерөнхий боловсролын системийг дэлхийн бусад улс оронтой харьцуулбал ямар түвшинд явж байна вэ? Гол ололт, алдаа дутагдлыг та юу гэж хардаг вэ?

- “Хүүхдэдээ гадаад хэл л сайн эзэмшүүлчихвэл ер нь алзахгүй” гэсэн хандлага эцэг эхчүүдийн дунд түгээмэл болсон мэт санагддаг. Үүний зэрэгцээ суурь шинжлэх ухааны ач холбогдлын тухай яриа харьцангуй багасаж, математик, гадаад хэлийг түлхүү чухалчилдаг болсон. Харин эх хэлний боловсролоо бид хэдэд эрэмбэлж байгаа вэ гэдэг нь анхаарах ёстой асуудал.

Орчин үеийн дэлхийн боловсролын чиг хандлагад эцсийн зорилго нь суралцахуйдаа эзэн болсон сурагчийг төлөвшүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, суралцах үйл явцаа өөрөө удирдаж чаддаг хүүхдийг хөгжүүлэхийг зорьж байна. Суралцахуйдаа эзэн болно гэдэг нь цаашлаад амьдралдаа эзэн болж буйн илэрхийлэл. Үүнийг англиар “student agency” гэж нэрлэдэг.

Ийм чадвартай хүүхэд 8, 9 дүгээр ангиасаа эхлэн ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээ өөрөө судалж, нухацтай эргэцүүлж, зорилгодоо хүрэх арга замаа эрэлхийлж эхэлдэг. “Би юуг, яагаад сурах ёстой вэ?”, “Үүнийг үнэхээр ойлгож байна уу?”, “Хаана гацаж байна вэ?” гэдгээ өөрөө анзаарч, суралцах үйл явцаа удирдах чадварыг хэлж байгаа юм. Харин багшийн төдийгүй асран хамгаалагчдын үүрэг нь хүүхдийн өмнөөс бүхнийг шийдэх бус, энэ үйл явцад нь дэмжлэг үзүүлж, зөв чиглүүлэхэд оршино.

- Хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед эцэг эхчүүд хүүхдүүддээ ямар чадвар эзэмшүүлэх шаардлагатай тулгарч байна вэ?

- Хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж байгаа энэ үед насан туршдаа суралцах буюу бие даан суралцах чадвар маш чухал болж байна.

2026 онд нэгдүгээр ангид элсэж буй хүүхдийн ирээдүйн тухай ярихдаа бид 2040 оныг төсөөлөх хэрэгтэй болно. Ирэх 10 гаруй жилийн хугацаанд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх, технологийн хөгжил ямар түвшинд хүрэхийг өнөөдөр бид яг таг мэдэх боломжгүй. Тиймээс одоо зааж буй зарим мэдлэг, чадвар тав, арван жилийн дараа хэрэгцээгээ алдах ч боломжтой.

Ийм учраас дэлхийн боловсролын чиг хандлага зөвхөн мэдлэг дамжуулахаас илүүтэй ур чадвар эзэмшүүлэхэд төвлөрч байна. Тэр дундаа хамгийн чухал нь бие даан суралцах чадвар. Аливаа зүйлийг хэрхэн сурахаа мэддэг хүн хэзээ ч, юуг ч шинээр сурах боломжтой. Ингэснээр хүн өөрийгөө цаг үеийн өөрчлөлттэй хөл нийлүүлэн тасралтгүй хөгжүүлж, шинэчилж чадна.

- Тэгвэл өнөөгийн ерөнхий боловсролын систем таны ярьж буй эдгээр чадварыг бүрэн эзэмшүүлж чадаж байна уу?

- Манай ерөнхий боловсролын системийн дутагдалтай талын нэг нь энэ. Бид мэдлэгийг сайн зааж, хүүхдээр цээжлүүлж чаддаг. Гэтэл хиймэл оюун ухаан хөгжсөн өнөө үед зөвхөн мэдлэг цээжлэхээс илүүтэй бие даан суралцах, эргэцүүлэх, тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх чадвар илүү чухал болж байна.

Нөгөө талаас сургалтын чанар, үр дүнг үнэлж буй тогтолцоо маань дээд эрэмбийн сэтгэхүйн чадварыг илрүүлэхээс илүүтэй сэргээн санах буюу доод эрэмбийн мэдлэг, чадварыг шалгахад төвлөрсөн хэвээр байна. Үүнийг багшийн ажлын үнэлгээтэй уячихсан нөхцөлд багш нар хүүхдийг шалгалтад бэлтгэхэд илүү төвлөрөхөөс аргагүй болдог.

Тиймээс систем өөрөө шинэчлэгдэхгүй хэвээр байвал дэлхийд шаардлагатай болж буй ур чадваруудыг сурагчдад бодитоор эзэмшүүлэхэд хүндрэлтэй.

“Асуудал шийдвэрлэх чадвар эзэмшүүлэхийн тулд сургалтын хөтөлбөрийг цогцоор нь шинэчлэх хэрэгтэй”

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав