Францын нийслэл Парис хотноо зохиогдсон тус тэмцээний 18 тоглолтын нийлбэр дүнгээр манай улсын "Aurora Gaming" баг (хуучнаар Alpha Gaming баг, өнгөрсөн хавар нэрээ сольсон) 146 оноотойгоор гуравдугаар байрт шалгарч, 210,000 ам.долларын шагнал авлаа. Ийнхүү тэд Esports World Cup тэмцээнд хоёр жил дараалан гуравдугаар байр эзэлж байгаа юм.

"Aurora Gaming" баг хоёр дахь өдрийн ес дэх болон сүүлийн өдрийн 16 дахь тоглолтод "Winner winner, chicken dinner" буюу нэгдүгээр байр эзэлж, тэргүүлэгчдийн эгнээд хүч түрэн орж ирсэн. Гэвч сүүлийн хоёр тоглолтод хангалттай оноо авч чадаагүйн улмаас түрүүлсэн багаас найман оноо, хоёр байр эзэлсэн багаас гурван онооны дутуутайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. 

Манай улсын багийн DOK буюу У.Дөлгөөн энэ тэмцээний шилдэг багийн ахлагч хэмээх шагналыг мөн хүртлээ. Харин тус тэмцээнд Туркийн "S2G Esports" баг түрүүлснээр 555 мянган ам.доллар, БНСУ-ын "Nongshim RedForce" баг дэд байр эзэлснээр 293 мянган ам.долларын шагнал авлаа.