Үүнтэй зэрэгцэн энэ салбарт ажилладаг мэргэжилтнүүдийн нийгэмд эзлэх байр суурь өсөж, хүндлэгдэх болжээ.

Дэлгэцийн урлаг болон хосуудын зуучлалын үйлчилгээнд инженерүүдийн эрэлт нэмэгдэх болсныг сүүлийн үеийн мэдээллүүд харуулж байна.

Өнгөрсөн сард өндөрлөсөн ажлын байрны дурлалын түүхийг өгүүлдэг TvN сувгийн “See You at Work Tomorrow!” цувралын гол дүрийн баатрууд нь электроникийн компанийн инженер мэргэжилтнүүд байсан нь үүний нэг тод илрэл байлаа.

Ийм төрлийн дэлгэцийн бүтээлүүд өмнө нь үргэлж хуульчид, прокуроруудыг гол дүрийн баатраа болгодог байсан бол продюсерууд бараг хэзээ ч инженер хүнийг дурлалын баатар болгож байгаагүй гэхэд болох юм.

Үүнээс гадна инженер техникийн ажилтнуудыг дүрслэх арга хэлбэр нь хүртэл өөрчлөгдсөнийг ажиглагчид онцолж байна.

Тухайлбал тэднийг өмнөх цувралуудад энгийн, чөлөөт хувцастай харуулдаг байсан бол “See You at Work Tomorrow!” цувралд хослол болон илүү үнэтэй хувцастай харуулжээ.

Энэ хандлага зөвхөн урлагт нөлөөлөөд зогсохгүй бодит амьдралд нөлөөлж эхэлснийг олон баримтууд харуулж байна.

Их сургуулийн элсэлтийн үеэр анагаах ухааны салбарын мэргэжлүүд өндөр эрэлттэй байдаг бол тэдний дунд саяхнаас хагас дамжуулагчийн инженерийн мэргэжил хүч түрэн орж иржээ.

Блүүмбэрг агентлаг саяхан хагас дамжуулагч үйлдвэрлэлийн өсөлт Өмнөд Солонгосын гэрлэлтийн зах зээлд хүчтэй нөлөөлж эхэлсэн талаар мэдээлсэн юм. Гэрлэлт зуучлалын салбарт 15 жил ажиллахдаа ийм зүйлтэй хэзээ ч таарч байгаагүйгээ тус агентлагт тодруулга өгсөн нэг менежэр хэлжээ.