“Мандал Лайф Даатгал” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 7 дугаар сарын 8-ны шийдвэрээр Чинбатын Бат-Эрдэнийг компанийн Гүйцэтгэх захирлаар томиллоо.
Ч.Бат-Эрдэнэ нь банк, санхүү, даатгалын салбарт 15 жил ажилласан туршлагатай. Тэрээр даатгалын бизнес, банкны даатгал, бүтээгдэхүүн, борлуулалтын суваг хөгжүүлэх, стратегийн түншлэлийн чиглэлээр ажиллаж, Монгол Улсад банкны даатгалын зуучлалын үйл ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн.
Тэрээр 2023 онд Мандал Лайф Даатгалд Борлуулалт хариуцсан захирлаар нэгдэж, мөн оны есдүгээр сараас Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж ирсэн. Энэ хугацаанд компанийн бизнесийн стратеги, бүтээгдэхүүн, борлуулалтын сувгийг хөгжүүлэх, банк, санхүүгийн байгууллагуудтай стратегийн түншлэлийг өргөжүүлэхийн зэрэгцээ компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан ажиллаж байна.
Ч.Бат-Эрдэнэ нь салбарын мэргэжлийн болон бодлогын түвшний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2019–2023 онд Монголын Банкны Холбооны Даатгалын зуучлалын мэргэжлийн зөвлөлийн даргаар ажиллаж байв. Өдгөө Монголын Даатгалын Зах Зээлийн Холбооны Дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Даатгалын бодлогын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Тэрээр Монгол Улсын Их Сургуулийг Даатгалын менежментийн бакалаврын зэрэгтэй төгсөж, Санхүү, Эдийн Засгийн Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
Мандал Лайф Даатгал нь цаашид Ч.Бат-Эрдэнийн удирдлага дор амьдралын даатгалын олон улсын шилдэг туршлага, стандартыг Монголын зах зээлийн онцлогт нийцүүлэн нутагшуулах, шинэ бүтээгдэхүүн, борлуулалтын сувгийг хөгжүүлэх, стратегийн түншлэлээ өргөжүүлэх замаар амьдралын даатгалыг илүү олон иргэн, гэр бүлд хүргэхээр зорьж байна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий