Тус корпорацид хөрөнгө оруулагчид нийт 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд УАНС Монгол Улс дахь өөрийн анхны магадлан итгэмжлэгдсэн байгууллага болох XасБанкаар дамжуулан хувь нийлүүлж, зээл болон техникийн туслалцааны санхүүжилт олгох юм. Энэ нь УАНС-ийн хувьд Монголд хувь нийлүүлэн хөрөнгө оруулалт хийж буй анхны тохиолдол болж байна.
Монголын Ногоон Санхүүгийн Корпораци нь Монголын банк, санхүүгийн салбараар дамжуулан эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч зэрэг ногоон, тогтвортой хөгжлийг дэмжсэн зээлийг эрчимжүүлэх зорилготой байгууллага бөгөөд айл, өрхийн дулаалгын ажил, аж ахуйн нэгжийн эрчим хүчний хэмнэлтийн шийдлүүд болон эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц зэрэг үндсэн чиглэлийн ногоон зээлээр дамжуулан 15 жилийн хугацаанд нийт 3.8 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахаар тооцоолж байна.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын нарийн бичгийн дарга Ясмин Фуад нар оролцлоо.
Ясмин Фуад нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ ногоон санхүүжилтийг дан төрөөс санхүүжүүлэх боломжгүй бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, илүү үр дүнтэй санхүүжилтийн механизм шаардлагатайг тодотгосон бол,
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал МНСК нь эрчим хүчний хэмнэлт, нүүрстөрөгч бага ялгаруулах технологи, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ногоон бизнесийн урт хугацааны санхүүжилт болон гаднын хөрөнгө оруулалт татахад чухал үүрэгтэй байгууллага болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Харин УАНС-ийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Хемант Мандал УАНС-ийн хувийн хэвшлийн санхүүжилтийн стратегитай нийцэж байгаа МНСК төслийг УАНС анхнаас нь техникийн туслалцаагаар дэмжиж ирсэн. Монгол Улсад ногоон санхүүжилтийн хүртээмж, цар хүрээг нэмэгдүүлэхээс гадна олон талын туршлага, сургамж бий болгох жишиг байгууллага болно гэж үзэж буйгаа хэллээ.
Мөн XасБанкны Эко банкны газрын захирал Г.Туул УАНС нэг хувь нийлүүлэгч нь болсноор МНСК-ын хувьд олон улсын санхүүжилт татахад илүү боломж, давуу тал бий болж байгааг онцлоод УАНС-ийн техникийн туслалцаагаар тус байгууллага өөрийн төдийгүй Монголын бусад банк, санхүүгийн байгууллагын ногоон санхүүжилтийн чадавхыг бэхжүүлэх чадвартай байгууллага болно гэдгийг тодотгожээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий