Ерөнхий боловсролын сургуулиудаас авсан судалгаагаар өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа аж. Иймд Нийслэлийн боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулиудад гадаадаас англи хэлний багш ажиллуулж байгаа туршлагыг үндэслэн шаардагдах зардлын тооцооллыг 200 багшаар хийж үзсэн бөгөөд нийслэлийн төсвөөс 3.9 тэрбум төгрөг шаардагдах тооцоолол гарчээ.

Гадаад багш нарыг ажиллуулах нь сурагчдад англи хэлний мэдлэгийг өндөр түвшинд олгоход чухал бөгөөд багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн багшийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үр нөлөөтэй гэж үзжээ.

НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга, төлөөлөгч Ү.Оюунзул

"Нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулийн 300,000 гаруй сурагч англи хэлний хичээлд хамрагддаг. Эдгээр хүүхдэд англи хэлний 1,500 багш хичээл заадаг бөгөөд англи хэлний 200 орчим багшийн дутагдалтай байна. Филиппин улсаас багш нарыг Улаанбаатар хотод авчирч, сурагчид болон багш нарыг чадавхжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буйтай холбогдуулан өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа"

гэв.

Тус асуудлыг ирэх долоо хоногийн Даваа гарагт болох НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.