Вируст гепатит, салхин цэцэг, улаанбурхан зэрэг өвчний халдварлалт өмнөх жилээс харьцангуй буурсан нь сайн үзүүлэлт боловч гар, хөл, амны өвчнийх бараг тав дахин нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Тодруулбал 2025 оны эхний дөрвөн сард гар, хөл, амны өвчний 445 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ оны эхний дөрвөн сард 2,132 болж, 4.8 дахин өсөв.

Гар, хөл, амны өвчин нь халуурах, ам болон гар, хөл дээр цэврүүт тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг халдварт өвчин бөгөөд хүүхдүүдийн дунд амархан тархдаг. Иймд эцэг эх, асран хамгаалагчид дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс зөвлөлөө.

  • Хүүхдийн гарыг тогтмол савандаж угаах (ялангуяа хоолны өмнө, бие зассаны дараа)
  • Хоол, хүнсний аюулгүй байдлыг хангаж, цэвэр ус хэрэглэх
  • Хүүхдийн тоглоом, хэрэглэлийг тогтмол цэвэрлэж ариутгах
  • Өвчтэй хүүхдийг бусдаас тусгаарлаж, цэцэрлэг, сургуульд явуулахгүй байх
  • Халуурах, тууралт гарах, хоол идэхгүй байх зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид хандах
  • Хүүхдийн дархлааг дэмжих тэжээллэг хоол, амин дэм хэрэглэх.