Өрхийн эмч, сувилагч нарыг ижил сэдэвтэй давхардсан сургалтуудад танхимаар хамрагдахыг шаардах, улс төрчдийн элдэв хурал цуглаанд заавал оролц гэх зэрэг нь үндсэн ажлаа хийхэд саад болж буйг шүүмжилж, ажлаа хийх боломж олгохыг хүсэв.
Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Тэмүүн "Элдэв аян их бий. Жишээлбэл нийслэлд хэрэгжиж буй 90-70-90 хөтөлбөр.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-д 2030 он гэхэд
- Хүний Папиллома Вирус(ХПВ)-ийн халдварын эсрэг дархлаажуулалтыг 90 хувьд хүргэх,
- умайн хүзүүн хавдар илрүүлэх эсийн шинжилгээг 70 хувьд хүргэх,
- өвчин илэрсэн хүмүүсийн эмчилгээнд хамруулалтыг 90 хувьд хүргэх зорилготой хөтөлбөр байдаг.
Түүнчлэн өрхийн залуу эмч нарыг төлөөлж Баянгол дүүргийн Мөнх-Увдис Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Э.Баясгалан "Монгол Улсын хэмжээнд 225 Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй 1,600 гаруй эмчийн 70 хувь нь 25-40 насныхан. Өрхийн эмч нар тухайн иргэнээ эхийн хэвлийд байхаас төрөх, өсөж том болох, ахмад буурай болох үе гээд амьдралынх нь бүх цаг үед гэр бүлийнх нь нэг гишүүн шиг байдагтаа их бахархдаг. Иргэдийнхээ эрүүл мэндийн түүх, амьдралын хэв маяг, эрсдэлт хүчин зүйлийг мэддэг учраас өвчлөхөөс нь өмнө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн чанарын үзүүлэлтийг хангаж ажилладаг.
Бидэнд тулгардаг бэрхшээл нь нэг төрлийн давхардсан сэдэвтэй олон сургалтад ажлын цагаар танхимын сургалтад суулгадаг. Мөн цагийг нь тулгаж их тайлан авдаг. Иймд эмч нарыг ажлын байран дээрээ хүнээ үзэх боломжийг олгох өгөхийг хүсье" хэмээв.
Үүний зэрэгцээ эмч нарын ажлаас халшрах хам шинжид хүргэдэг гол шалтгаанууд нь хэт ойлгомжгүй бичиг цаасны ажил болон засаг захиргааны нэгжүүдийн дарамт шахалт байдаг гэдгийг ч дурдаж байв.
Мөн санхүүжилтийн талаар "Нэг иргэн Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх жилийн зардлыг 83,100 төгрөгөөр энэ онд тусгасан. Үүнийг 12 сард хувааж үзвэл нэг иргэний зардал 6,930 төгрөг. Нэг иргэнийг үзэхэд энэхүү мөнгөөр тогтмол зардал, эмч сувилагчийн цалин, тариа, ороох боох материал гээд бүх зардлыг төлнө. Багахан мөнгөөр их ажлыг амжуулдаг. Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөл(ЭМДҮЗ)-ийн тогтоол нь 83,100 төгрөгөөр батлагдаад, тавдугаар сарын 1-нээс 95,100 төгрөгөөр олгогдоно гэсэн боловч одоогоор шинэчилсэн тарифаар авч эхлээгүй.
Засгийн газраас баталсан иргэдийн зардлыг яагаад өгч чадахгүй, дундаас ЭМДҮЗ хоёр тариф гаргаад байдаг юм бэ? Өрхийн эмнэлэгт хямд үнээр үзүүлдэг тусламж үйлчилгээг лавлагаа шатлалд үнээр үзүүлж, тийш нь санхүүжилтийг олгодог" гэлээ.
Түүнчлэн "Нүд, хүүхэд, нярай, жирэмсэн эх гээд 18 төрлийн хичээлийг суралцаж байж өрхийн эмч болдог. Бид олон жил суралцаж, судалж байж энэ мэргэжлийн эзэмшсэн байтал ард иргэддээ бүрэн үйлчилж чадахгүйгээр тайлан тооцоо, мэдээ, дунд шатны дарга нарын дарамт шахалтад өртөж, үндсэн ажлаа хийх боломжоо хязгаарлуулж байна.
Бид үндсэн ажлаа хийж, ард иргэддээ өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлаа үе шаттай хиймээр байна. Ажил үе шаттай явах ёстой болохоос биш 30 хоногт вакцинд хамруулах нь боломжгүй. Цаг, нөхцөл заагаад хамруул гэхээр ямар ч үр дүн гарахгүй тул энэ асуудлаа болино уу" гэж байр сууриа илэрхийллээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий