Хэвлэлийн бага хурлын төгсгөлд түүнээс сэтгүүлчид сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар тодруулсан юм.

Энэ талаар тэрбээр "Би төрийн ажлыг сүүлийн 10 жил тасралтгүй хийлээ. Надад бол шинэ зүйл биш. Тэтгэврийн шинэчлэлийн Ажлын хэсгийг ч ахалж байлаа. Боловсролын салбарт ч олон хууль батлуулсан. Ер нь бүх салбарын асуудал надаас хол биш.

Тийм учраас бүх асуудлуудтай нүүр тулаад, ямар ч сэдэв, асуудлаар хэнтэй ч ярихад би бэлэн байна.

Алдаагаа ч өнгөрсөн хугацаанд харсан, амжилтаа ч урагшаа харж байгаа.

Иймээс энэ бүх асуудалд өөрөө орж, гардаж хийхийг зорьж байгаа юм. 

Намрын чуулганаар ирэх оны төсөв, төсвийн тодотголыг өргөн барина. Ирэх оны төсөвт одоо тулгамдсан асуудлуудаа шийдэхэд анхаарна.

Үүнээс өмнө хэд хэдэн том төслүүдээ гараанаас нь хөдөлгөнө. Эдийн засгаа тэлэх бодлогоо барьж явна. Мөн Засгийн Газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг ч хөндөнө.

Сүүлийн үед хэн нь хэнтэйгээ хамтраад юу яриад яваад байгааг ойлгохгүй байна. Би та бүхэнтэй ижилхэн хэвлэлийн мэдээлэл л байгаа. Засгийн газар тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй.

Би ажлаа аваад хоёр сар л болж байна. Нэг л Монгол Улс байгаа учраас асуудлаа шийдвэрлээд явахын төлөө бүгдээрээ зүтгэх ёстой. Надад ямар нэгэн бичиг ирээгүй учраас сайн мэдэх юм алга. 

Гэхдээ манай Ардчилсан Нам (АН) дотор ёс зүйтэй олон хүн байгаа. Хэсэг бүлэг хүмүүсийн хийж байгаа улс төр юм болов уу л гэж харж байгаа болохоос биш тулгамдсан асуудлынхаа өмнө улс төрөө наагаад яваад байж болохгүй.

Батлан хамгаалахын салбарт ч тэр, онцгой байдлын албанд ч тэр шаардлагатай арга хэмжээг авч, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. 

Өнгөрсөн хугацаанд болсон харамсалтай үйл явдлууд бидний энэ олон салбарынхаа хөрөнгө оруулалт, тулгамдсан асуудлыг бүрэн шийдэж чадаагүйтэй холбоотой.

Ийм асуудалтайгаа нүүр тулж ярилцаж шийдэх ёстой болохоос улс төр хийх цаг биш.

Би өөрийнхөө намын нөхөдтэйгөө ч АН-ын гишүүдийн хэнтэй ч өөрийнхөө бодлого, шинэчлэлийн талаар ярилцахад бэлэн, нээлттэй байна" гэв.