Санал хураалтад оролцогчдын 55 орчим хувь нь эсрэг, 45 хувь нь дэмжсэн бөгөөд Швейцарын нийт сонгогчдын 60 хувь нь саналаа өгчээ.

Хүн амын тоог хязгаарлах нь цагаачлалын эсрэг үзэл баримтлалтай баруун жигүүрийн Швейцарын Ардын Намын гаргасан санаачилга байсан юм.

Шууд ардчиллын тогтолцоотой Швейцар улсад ердөө 100,000 хүний гарын үсэг цуглуулж чадсан тохиолдолд ямар ч асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулах боломжтой байдаг.

Хэрвээ энэ санаа дэмжигдсэн бол Европын Холбоотой байгуулсан чөлөөтэй зорчих эрхийн гэрээ цуцлагдаж, цагаачлалын бодлоо чангатгах байлаа.

Швейцарын бусад улс төрийн намууд, бизнесийн салбарынхан уг санааг эсэргүүцэж байсан юм.

Тус улсын хүн амын тоо 2002 онд 7.3 сая байснаа сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, одоо 9.1 саяд хүрээд байгаа.

Үүнээс хүн амынх нь 27 хувь Швейцарын иргэн биш байна.

Тиймээс хүн амын хэт өсөлтөөс үүдэлтэй нийгмийн үйлчилгээ, орон сууц, зам тээвэр, байгаль орчны дарамтыг бууруулах ёстой гэж Швейцарын Ардын Нам үзэж байгаа.

Харин тус улсын бизнес эрхлэгчид Европын Холбооны зах зээлийг алдах, ажиллах хүчний хомсдолтой тулгарахаас болгоомжилж байлаа.

Швейцарын бүх бараа бүтээгдэхүүний талаас илүү хувь Европын Холбооны зах зээлд гардаг бөгөөд ийм боломж эдэлснийхээ хариуд тус улсын засгийн газар харилцан чөлөөтэй зорчих гэрээ байгуулсан байдаг.

Хүн амын тоог хязгаарлах санаачилгын талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байсан Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен санал хураалтын дүн гарсны дараа

“Швейцарчууд үгээ хэллээ. Европын Холбоо, Швейцарын харилцаа гүнзгий бөгөөд хүчтэй билээ”

гэж мэдэгджээ.

Санал хураалтад Швейцарын иргэд зөвхөн оролцох эрхтэй байдаг. Хэдийгээр цагаачид олноор суудаг ч тус улсын том хотууд хүн амын тоог хязгаарлах саналыг илүү хүчтэй эсэргүүцжээ.

Тухайлбал нийслэл Берн хотын оршин суугчдын 84 хувь нь уг санааг эсэргүүцсэн санал өгсөн байна.