“Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүхийн танхим”-ыг шинээр байгуулж, өнөөдөр албан ёсоор нээлээ.

Танхимын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, Эзэн Чингис хааныхаа эрхэм ариун алдраар тунхагласан дэлхийн нүүдлийн соёлын голомт болсон энэ музейг байгуулах түүхэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны долоодугаар сарын 3-нд анх гаргаж байлаа. Хэдий өндөр үүдээ нээн, өргөн олондоо өв соёлоо түгээн дэлгэрүүлж эхэлснээс хойш их биш хугацаа өнгөрч буй, магадгүй хамгийн залуу музей боловч Чингис хаан Үндэсний музей аль хэдийнээ дэлхийд алдраа дурсгасан музей болж чаджээ. Энэхүү хүндтэй үүргийг түүчээлэн авч яваа Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун болон тус музейн нийт хамт олонд талархлаа илэрхийлье гэв.

Тус музей нь соён гэгээрлийн томоохон төв болсон тул, Чингис хаан Үндэсний музей байгуулагдах явц болон түүх эхэлсэн үйл явцыг баримтжуулан танилцуулах нь байгууллагын түүхийг үнэн зөвөөр танин мэдүүлэх, соён гэгээрлийн эргэлтийн түүхийг монгол болон дэлхий нийтэд таниулахад чухал үүрэгтэй юм.

Шинээр байгуулагдсан танхимд Монгол Улсын Засгийн газраас Чингис хаан Үндэсний музейг байгуулах анхны тогтоолоос эхлээд Дэлхий дахины нэр хүндтэй олон улс орнуудын хаад, төрийн тэргүүн нарын Монгол төрийн 2000 жилийн тасралтгүй үргэлжлэн буй түүхэн уламжлал, нүүдэлчдийн соёлын ертөнцтэй танилцаж буй түүхэн хормуудыг буулгасан гэрэл зураг, дэлхий дахинаа Монголын эрин үе болох XIII зууны Монголын эзэнт улсын гадаад харилцааны түүхийг илэрхийлэх, Монгол нутгаас анх удаа илэрч олдсон Мөнгөн Гэрэгэ зэрэг онцлог үзмэрүүдийг олон нийтэд дэлгэжээ.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн энэ өдөр “Чингис хаан Үндэсний музейн түүхэн товчоон” ном хэвлэгдэн гарсан юм. Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс дөрвөн жилд музейн хамт олон Их хааны үйл хэргийг мөнхжүүлэх, гадаад, дотоодод сурталчлан таниулах, судлан дэлгэрүүлэх соён гэгээрүүлэх үндсэн үүргээ биелүүлсээр ирсэн бөгөөд музейн удирдлагын зүгээс музейн бүтсэн шинэхэн түүх, түүнийг бүтээлцсэн байгууллага хамт олон, гол үйл явдлыг товчоолж хойч үедээ бичиж үлдээх шийдвэр гаргасны дагуу энэхүү ном бүтээгджээ.

Уг номын санаачлагч, Ерөнхий редактор музейн захирал, Академич С.Чулуун, эмхэтгэж, боловсруулсан музейн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга асан Д.Нямжав, доктор Д.Эрдмаа, ЭШ-ний ахлах ажилтан Б.Батбаатар, гэрэл зургийг музейн баримтжуулалт сан хөмрөгч О.Ууганбаатар нар оролцож, номыг үндсэн гурван бүлэгт багтаан оруулсан байна.

“Чингис хаан Үндэсний музейн түүхэн товчоон” (түүхийн эхлэл, бүтээн байгуулалт баримт-гэрэл зурагт) 2019-2026 он хэмээх энэхүү номд нийтдээ бүтээн байгуулалтад оролцсон 500 гаруй хүн, нээлтэд уригдсан 1,000 гаруй хүндэт зочдын нэрсийг оруулсан бөгөөд музейн 2019-2026 оны гол 400 гаруй үйл явдлыг 1,400 гэрэл зураг, 51 тогтоол шийдвэрийн эх хувь, 10 орчим диаграмм зургаар баримтжуулж харуулсан 480 хуудас бүхий шинэ музейн түүх өгүүлэх анхны бүтээл болжээ.

ФОТО: