Дээрх хугацаанд 1,318 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 1,179 хэрэг шинээр нээж, 237 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал

  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 99,
  • Өмчлөх эрхийн эсрэг 66,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал,
  • Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Авлигын эсрэг гэмт хэрэг тус бүр найм,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг зургаа,
  • Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тав,
  • Эдийн засгийн гэмт хэрэг дөрөв,
  • Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг хоёр,
  • Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг нэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Авлигын хэргийн мэдээллийг тодруулбал:

Б.Ц нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах зорилгоор улсын бүртгэгч Д.Д-д 150,000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн нэгдүгээр хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;
А.С нь үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг шуурхай гаргуулж, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс улсын бүртгэгч Д.Д-д 150,000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлснийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.