2021 онд ОУЭШ-ийн түүхэн дэх гурав дахь ерөнхий прокуророор сонгогдож байсан түүнийг огцруулах шийдвэрийг 82 гишүүн дэмжсэн байна.
Ханы ажил үүргийг өнгөрсөн сард түдгэлзүүлээд байсан юм.
ОУЭШ-ийн хяналтын байгууллага зургаадугаар сард Ханыг залуу эмэгтэй ажилтантайгаа бэлгийн зохисгүй харилцаанд орж, түүнийг гомдол гаргахад нь саад учруулсан зэрэг “ноцтой зөрчил” гаргасныг мөрдөн байцаалтын үр дүнд тогтоож байжээ.
Карим Хан өөрийнх нь эсрэг гаргасан буруутгалыг бүрэн няцааж байгаа юм.
Ханы өмгөөлөгч ОУЭШ-ийн гишүүдийн шийдвэрийг “боломжит бүх хууль эрх зүйн механизмыг ашиглан” эсэргүүцэхээ мэдэгджээ.
Огцорсон прокурорт ямар боломж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
ОУЭШ түүнийг огцруулах эсэх санал хураалтыг бүх гишүүн 125 улсын төлөөлөгчдийн дунд зохион байгуулсан юм.
“Шүүх бүх ажилтнууддаа аюулгүй, хүртээмжтэй, хүндэтгэлтэй ажлын орчныг бүрдүүлэхэд хамгийн өндөр ач холбогдол өгөх болно” гэж тус байгууллага мэдэгджээ.
Гэхдээ энэ нь ганц прокурорын асуудал биш, дайны гэмт хэргийг шүүдэг дэлхийн цорын ганц байгууллагын хувь заяанд нөлөөлж болзошгүй шийдвэр юм.
Сүүлийн жилүүдэд тус байгууллагын нэр хүндийг унагах, задлан бутаргах оролдлого эрчимжиж байгаа.
Их Британийн нэр хүндтэй хуульч Карим Хан өчигдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд зохион байгуулагдсан санал хураалтад биечлэн оролцож чадаагүй юм.
Учир нь Газын зурваст дайны гэмт хэрэг үйлдсэн Израилийн албан тушаалтнуудыг шалгаж байгаатай нь холбогдуулан Трампын засаг захиргаа түүний АНУ-д нэвтрэхийг хориглож байв.
Ханыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тухай мэдээллийг 2024 оны тавдугаар сард гуравдагч этгээд ОУЭШ-д өгч байжээ.
Тус байгууллагын хараат бус хяналтын механизм мэдээллийн мөрөөр мөрдөн байцаалт эхлүүлсэн ч хохирогч этгээд мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул хэрэг хаагдаж байсан юм.
2024 оны аравдугаар сард мэдээлэл хоёр дахь удаагаа ОУЭШ-д ирсэн байна.
ОУЭШ энэ удаа хэргийг НҮБ-ын дотоод хяналтын албанд шалгуулахаар шилжүүлжээ.
Мөрдөн байцаалт 2024 оны арваннэгдүгээр сараас 2025 оны арванхоёрдугаар сарыг хүртэл үргэлжилж, 5,000 гаруй хуудас нотлох баримт, мэдүүлэг бүрдүүлсэн байна.
Карим Ханыг огцруулах шийдвэр ОУЭШ түүхэндээ байгаагүй улс төрийн их дарамт шахалттай тулгараад буй цаг үетэй давхцаж байгаа юм.
Газын дайнтай холбогдуулан Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант нарыг баривчлах хүсэлтийг Хан гаргасны дараа АНУ түүнд хилийн хориг тавьж байв.
Трампын засаг захиргааны ОУЭШ-д хандах хандлага улам бүр дайсагнасан шинжтэй болж байгаа.
Өнгөрсөн хугацаанд ОУЭШ-д визийн хориг тавих, хөрөнгийг нь битүүмжлэх, холбоотнуудаа тус байгууллагаас гаргах зэрэг дарамт шахалтыг Трамп системтэйгээр авч хэрэгжүүлж байна.
АНУ, Орос, Израиль улсууд ОУЭШ-ийн гишүүн биш. Гэхдээ эдгээр улсуудын гэмт хэрэг үйлдсэн иргэдийг ОУЭШ өөрийн гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээр баривчлах эрхтэй байдаг юм.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий