Төслийн хүрээнд нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй хоногт 3,000 м.куб ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импэкс” ХХК гүйцэтгэж байгаа билээ.

Одоогийн байдлаар барилга байгууламжуудын суурийн ажил бүрэн дуусаж, өрлөгийн ажил үргэлжилж байгаа буй бөгөөд цэвэр усны насосны системийн суурилуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

“Комфорт импекс” ХХК-ийн зөвлөх инженер Л.Батчулуун “Цэвэрлэх байгууламжийг барихдаа бетон зуурмагийн үйлдвэрийг дэргэдээ ажиллуулдаг учир төсөл маань шуурхай бөгөөд хараат бус ажиллах боломж бүрдсэн.

Өнөөдрийн байдлаар ажлын явц 35 гаруй хувьтай, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Мөн 10/4 дэд станцын барилгын ажил 90 хувь, Захиргаа аж ахуйн барилгын ажил 75 хувьтай байгаа. Материал татан авалт 75 хувьд хүрч, гадаад захиалгуудыг бүрэн хийж дуусгасан. Захиалагчийн өгсөн чиглэл, үүргийн дагуу технологийн дагуу ажлаа явуулж байна” гэв.

Тус цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор 35-40 мянган хүн амын ахуйн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай болох бөгөөд цэвэрлэх байгууламжаас гарах усыг 98 хувь хүртэл гүн цэвэршүүлж, хөрсөнд шингээлгүйгээр 8.8 км-ийн зайд голын урсгалд нийлүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчмын шувуу, мал, амьтнаас үүдэх эрсдэлийг бууруулж, нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангах ач холбогдолтой гэж НТУГ-аас мэдээлэв.

Нийслэлийн 2026 оны төсвийн жагсаалтаас харвал Хүннү хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж төслийг 2025-2027 онд хэрэгжүүлэх бөгөөд нийт төсөвт өртөг 29 тэрбум, 700 сая төгрөг байна. Үүнээс энэ онд 10 тэрбумыг зарцуулахаар баталжээ.