Төв цэнгэлдэх хүрээлэн, Алтай хотхонд цахилгааны гэмтлийн улмаас ажиллагаагүй болсон хоёр насосны худагт цахилгаан үүсгүүр ашиглан усыг шавхжээ.

Үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан 3 байршилд усны автомашин, цахилгаан үүсгүүртэй 12 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.

Харин Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ширүүн борооны улмаас авто зам, явган зам руу түрж ирсэн шороог гараар болон бобкат техникээр цэвэрлэж зорчих хэсгийг чөлөөлж байна.

Баянзүрх дүүрэг, Гачууртын ам чиглэлийн авто замд ус ихээр тогтож, зарим тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл үүсэж, усанд саатсан 2 тээврийн хэрэгслийг татан гаргаж, нийтийн эзэмшлийн талбайд тогтсон усыг соруулжээ.

Үүнээс гадна иргэдийн мэдээлж буйгаар Яармагийн авто зам үерт автсан байна.

Цаг агаарын нөхцөл байдал

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр долоодугаар сарын 29-ний өдрийн 20:00 цагаас дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн зүүн хэсгээр 20–25 мм, урд хэсгээр 19–24 мм, Тэрэлж орчмоор 29–34 мм, Улиастай орчмоор 16–21 мм хур тунадас оржээ. Өнөөдөр бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

Голуудын усны түвшин

Өнөөдрийн байдлаар Тэрэлжийн гол үерийн түвшин давж үерлэсэн, бусад голуудын усны түвшин хэвийн үерийн түвшинд хүрээгүй байна.

Тэрэлж 6 см, Туул-Босгийн гүүр 1см, Туул-Улаанбаатар 25 см, Сэлбэ-Санзай 4 см, Сэлбэ-Дамбадаржаа 4см, Хэрлэн-Багануур 1 см усны түвшин нэмэгджээ. Хэнтийн нуруугаар үргэлжлэн бороо ороход голуудын түвшин нэмэгдэх хандлагатай байна. 

Нийслэлийн Шуурхай штаб болон дүүргүүдийн Шуурхай штабууд үер, ус тогтдог болон үерийн эрсдэл бүхий байршлуудад хүч, хэрэгслийг бүсчилсэн байдлаар урьдчилан байршуулж, дуудлага, мэдээллийн дагуу шуурхай ажиллах бэлэн байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар 700 гаруй хүн, 160 гаруй техник хэрэгсэл, том, жижиг 51 мото помп бэлэн байдалд байна гэж Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабтай холбогдох утасны дугаар 11-318392.

Яаралтай болон гамшиг осол, үер усны нөхцөл байдлын үед дараах тусгай дугааруудад холбогдох боломжтой:

  • 101 - Гал түймрийн дуудлага, мэдээлэл
  • 105 - Онцгой байдлын үйлчилгээ, аврах дуудлага.