- Дарамын Ёндон был первым заместителем министра иностранных дел Монголии в течение 20 лет.
- Ёндон работал помощником лидера Ю.Цэдэнбала 10 лет и послом в Японии в начале демократизации.
- Автор встретился с Ёндоном в 2001 году после возвращения из Нью-Дели.
- Ёндон и автор вместе работали в рабочей группе по празднованию 90-летия дипломатической службы в 2001 году.
- Ёндон рассказал о важном письме, которое Ю.Цэдэнбал, вероятно, лично передал в 1959 году по случаю 10-летия КНР.
“ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд Дарамын Ёндон” гэхлээр миний үеийн сэхээтнүүд андахгүй. Учир нь тэр тушаалд 20 жил ажилласан, өмнө нь ГЯЯ-нд орлогч сайдаар гурван жил, түүний өмнө нам-засгийн удирдагч Ю.Цэдэнбалын туслахаар 10 жил ажилласан, тэтгэвэрт суухынхаа өмнө ардчиллын эхний жилүүдэд Японд Элчин сайдаар ажилласан гээд бахархах намтартай домогт сэхээтэн байсанд тэгж их танигдсаны цаад учир оршмой.
Би удирдлагад нь ажиллаж байгаагүй, сургаар, хэвлэлийн мэдээгээр эчнээ таньдаг, тэр эрхмийн тухай Мэдээлэл радио телевизийн улсын хорооны орлогч дарга Д.Чимиддорж гуай ихээхэн ярьж хуучилдаг байснаас би бас зохих мэдлэгтэй болчихсон байсан л даа. Д.Чимиддорж гуай бол мөн л Цэдэнбал даргын спийчрайтер, 1960-аад онд ГЯЯ-ны орлогч сайд, 1970-аад онд МАХН-ын Төв Хороон хэлтсийн эрхлэгч, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга явсан, бас л домогт сэхээтний нэг.
Ёндон сайдтай би 2001 он хүрч байж танилцдаг юм. Нью Дели дэх томилолтоосоо буцаж ирээд Гадаад хэргийн яаманд бодлого төлөвлөлт эрхэлсэн зөвлөх болоод удаагүй байв. ГХЯ-ны шугамаар зохиогдсон нэгэн арга хэмжээний (хурал чуулган) дараа бидний хэсэг нөхөд Ханброй дугуй ресторанд (хуучнаар Бамбарууш кафе) сууцгаахад ахмадуудаас Ёндон сайд, ахмад Элчин сайд Б.Дашцэрэн, Г.Эрдэнэ, З.Эрэндоо нар, залуучуудаас С.Болд, би, өөр хэн хэн ч байлаа, нэг их олуулаа биш. Тэгэхэд Дашцэрэн гуай намайг Ёндон сайдад хэргээр хэлж өгч танилцуулж, бид ч хундага тулган халуун яриа өрнүүлж билээ.
“Ёндоон, наад Баярхүү чинь эрдэмтэй хүү шүү” хэмээн Дашцэрэн сайдын хэлж захисан нь ёстой нэг огшуулсан, ямар ч дээд шагналаас илүү, үнэ цэнтэй шагнал мэт надад буусан даа. Дашцэрэн найзынхаа үгэнд ч үнэмшсэн байх, тэгээд ч анзаарсан юм байлгүй, Ёндон сайд маань сүүлдээ миний идэвхтэй уншигч болчихсон, миний нийтлэлүүдийн талаар надтай хүүрнэн хэлэлцэн ярилцдаг номын садан минь болсон доо.
Бас нэг дурсамж. 2001 оны 11-12 дугаар сард Дипломат албаны 90 жилийн ойн тэмдэглэх ажлын хэсэгт бид хоёр хамтран ажиллаж байснаа дурсъя. Гадаад хэргийн музей байгуулахаар бэлтгэл ажлын хүрээнд цуглаад ярилцаж байхад Д.Ёндон гуайгаас сонин сонин санаа гарч байсныг би мартдаггүй юм. ГХЯ гэж ганц дүнзэн байшин, 2-3 гэртэй, зарлага нь чөдрийн ганц морьтой, одоогийнхоор бол Чехийн ЭСЯ байгаагийн хавьд шургааган хашаанд байсан гэхчлэн Ёндон гуай хуучилж байсансан.
Гарчигт өгүүллээ. Юун захиас билээ? Бид хоёр хааяа хааяа буу халнаа. Гэрийнх нь ойролцоох ресторанд орж шар айраг ууна. Эсвэл байрных нь гадаа нарлаж түүх хүүрнэнэ. Хожим ном болгож эмхэтгэсэн хөрөг нийтлэлийн тусгай дугааруудаа би Ёндон сайдад өргөн барина. Бид хоёрын нэг удаагийн ярианд (2016 онд) тэр захиас нь шингэсэн юм. Одоо ил болгон буулгачихъя. Захиас гэдэг нь надаар уламжлан гадаад бодлогын түүх судалдаг нийт судлаач эрдэмтэд, улс төрчид, дипломатчидад хэлсэн чухал үгс нь юм л даа.
Тэр юун тухай вэ? 1959 он. БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойн баярт очихдоо нам-засгийн удирдагч Ю.Цэдэнбал биечлэн гардуулсан байх магадлалтай нэгэн чухал захидал бичгийн агуулга юм. Ёндон сайд өдөр судрыг эргэж санадаггүй, тэр хавьцаа, төдий үед л болов уу гэж ярьсан нь бас ч учиртай. Одоогоос 67 жилийн өмнөх үйл явдал. Тэр үед ямар канон энэ тэр гэж байсан биш, хувилаад хувьдаа авна гэх ойлголт үгүй, маш нууцын зэрэглэлтэй захидлын агуулгыг задлах эрх хэнд ч байхгүй, 57 жилийн дараа надад ярьж хэлж бичүүлж байгаа хэрэг л дээ.
Захидлыг ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Н.С.Хрущев, ХКН-ын Төв Хорооны дарга, Хятадын удирдагч Мао Зэдун нарт илгээн “гарт нь” гэж хаяглаж гэнээ. Захидлын агуулга нь: –Манай гурван ах дүү улс социализм байгуулах их бүтээн байгуулалтаа хийж байна. Ах дүү Зөвлөлт, Хятад хоёр БНМАУ-д ах дүүгийн тусламж үзүүлж социализм байгуулах үйлсэд маань гар бие оролцож туслаж байна. Гэвч БНМАУ нь хүн ам хэт цөөн, ажиллах хүчний боломж муу, бүтээх үйлс их, тавьсан зорилт өндөр тул Танай улсаас ажиллах хүчний хүний нөөц хүсч байна. Танай эрхэм улсад оршин суугаа монгол туургатан ахан дүүсийг минь БНМАУ-д шилжүүлэн суурьшуулж Монголын харьяат болгон манай социалист бүтээн байгуулалтад оролцуулбал ах дүү гурван улс социалист бүтээн байгуулалтдаа амжилт олох болно. Бидний хүрэх эцсийн цэг нэг (коммунист нийгэм) учраас энэ дээр Та шийдвэрээ гаргана уу гэсэн утга бүхий хэмээн Ёндон сайд надад ярьсан даа. Бүр нарийвчлан “Танай улсад суугаа буриад, халимаг, тува иргэдийг”, “Танай улсад суугаа өвөрмонголчуудыг” гэж хоёр тусад нь хандан бичсэн санагдаж байна гэж тодруулж хэлж билээ.
Захидлын эх боловсруулахыг МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Б.Жаргалсайхан (БНХАУ-д Элчин сайд, ГЯЯ-ны сайд асан), Сайд нарын Зөвлөлийн даргын туслах Д.Ёндон нарт нөхөр Ю.Цэдэнбал даалгажээ. Захидлыг орос хэлээр боловсруулжээ. Захидлын эхийг боловсруулаад Цэдэнбал даргадаа өргөн барьжээ. Тэрээр эцэслээд цааш нь авч оджээ.
Хэсэг хугацааны дараа Мао Зэдуны хариу захиа иржээ. Ёндон сайдын надад ярьснаар Мао дарга ингэж хариулжээ.
“БНХАУ нь мөн л социалист бүтээн байгуулалтын их зорилтуудыг шийдэж байна. Хийх ажил их байна. Иймд ажиллах хүчин БНХАУ-д ч нэн ихээр дутагдаж байна. Бид ах дүү өвөрмонголчуудыг Танай улс руу шилжүүлэн суурьшуулж болохгүй байна. Тэд явчихвал Өвөр Монголд хэн үлдэх юм бэ? Мал сүргийг нь хэн маллах юм бэ? Манай үндэстний цөөнх бол нутаг орондоо олон зуун жилээр идээшин дассан, дор бүрнээ аж ахуйгаа хөтлөн явуулж хэвшсэн, бас нутаг орноо эзэнгүйдүүлэхгүй, хил хязгаараа манан эзэн суусан тул бид БНМАУ-д өвөр монголчуудыг шилжүүлэн суурьшуулж Танай улсын харьяат болгож болохгүй байна”
гэжээ.
“Харин Н.С.Хрущевын хариу захидал гэдгийг бид олж үзээгүй, бараг хариу өгөө ч үгүй байх, бодвол их гүрний ихэрхэх зангаар үл тоогоод өнгөрсөн байх магадлалтай, эсвэл Цэдэнбал даргад амаар хэлж амыг нь таглаад түүнийг нь дарга бидэнд хэлээгүй өнгөрсөн байх” хэмээн Ёндон сайд надад ярьж бичүүлсэн дээ.
Тэгээд ингэж захисан. Чин сэтгэлийн захиас нь: -Залуус Та нар болж өгвөл тэр захидлыг олж тодруулж олон түмэнд ил болгоорой. Одоо нууцлаад байх зүйлгүй. Түүхэн чухал баримт шүү. Монголын түүхэнд бичигдэх ёстой. Заавал олж илрүүлээрэй, ажиллаарай!
Д.Ёндон сайдынхаа энэхүү захиасыг хуучраагүй дээр нь ийнхүү ил болгохын сацуу дурсамжийг нь баяжуулах баримт бүхий Оросын архивын эмхэтгэлээс эшлэхгүй өнгөрч болохгүй. Энд зохиогч миний зохиож оруулсан ганц ч өгүүлбэр бүү хэл үг шад байхгүй. Эх сурвалж: Зөвлөлт-Монголын улс төрийн харилцаа (1953-1964), Баримтын эмхэтгэл, УБ, 2025.
Нөхөр Ю.Цэдэнбалын тэр хүсэл (1959 он) оргүй хоосон хийсвэр сэтгэлээс үүдээгүй, тэр үеийн манай нам-засгийн удирдагчид 1955.08.06-нд энэ тухай чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцаж байсан баримтыг Зөвлөлтийн Элчин сайд В.И.Писарев “Нууц” гэж тодотгон Москва руугаа илтгэж байжээ. Нарийвчилбал МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн Зөвлөлтийн ЭСЯ-нд өөрийн санаачилгаар очиж Элчин сайдад мэдээлж байжээ.
Нам-засгийн нэг удирдагч Б.Ширэндэв: -Одоо бид БНХАУ-д хандаж өргөн цар хүрээтэй тусламж хүсэж болох юм. Энэ нь коммунист, интернационалч тусламж болно;
Д.Майдар: -Тэгвэл БНХАУ-аас монгол хүн ам оршин суудаг нутгаа бидэнд өгөөч гэж асууцгаая л даа;
Н.Лхамсүрэн: -Харийн нутаггүйгээр бидэнд газар хангалттай;
Б.Ширэндэв: -Зоригтой ажиллацгаая. Одоо Хятадын Засгийн газрын төлөөлөгчид ирнэ. Тэдэнд өөрийн хүсэлтийг илэн далангүй хэлэх хэрэгтэй. ХКН бидний нөхцөл байдлыг ойлгох болно;
Д.Дамба: -Тэднийг ирэх хүртэл бодоцгооё хэмээн ярьцгааж байжээ.
Манайхны саналд хятад нөхөд өөрсдөө хэрхэн хандсан нь бас сонин. Ю.Цэдэнбалд Хятадын талаас санал болгосон, бас МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамбад юу гэж ярьж байсныг Зөвлөлтийн Элчин сайд В.И.Писарев төвдөө нэгд нэгэнгүй мэдээлж байжээ. 1956 онд ХКН-ын VIII их хуралд оролцох үед нь Д.Дамба даргад Мао Зэдунгээс Хятадын 300-400 мянган ажилчин ба тариачныг БНМАУ-д байнга оршин суухаар илгээж бүхий л тусламж үзүүлэхээр амласныг ЗХУКН-ын Төв Хороотой зөвлөлдөж хариу өгөх хүсэлтэй хэмээн Ю.Цэдэнбал Зөвлөлтийн Элчин сайд В.И.Писаревт очиж ярьж байсан баримт байна. Д.Дамба, Л.Цэнд нар тэр их хурлын үеэр Мао Зэдунд хандан социалист бүтээн байгуулалтдаа ажиллуулахаар Өвөр Монголын 15 мянган малчин өгөхийг хүсэхэд хариуд нь Мао Зэдунгээс “Өвөр Монголын малчдыг өгч чадахгүй, оронд нь хятад ажилчдыг хүссэн тоогоор чинь санал болгож байна, Хятадад амьдардаг монголчуудыг зөвхөн хэлмэрчээр маш хязгаарлагдмал тоогоор ашиглаж болно” гэж хариулж байжээ. Сайд нарын Зөвлөлтийн нэгдүгээр орлогч дарга Л.Цэнд энэ тухайгаа мөн л Зөвлөлтийн дараагийн Элчин сайд В.М.Молотовт Элчин сайдын яаманд нь очиж итгэмжлэн ярьж байжээ. Хятадын удирдагчид манай хүсэлтийг хүлээн аваагүй нь Хятадад амьдардаг цөөн тооны ч болов монголчуудыг БНМАУ-ын газар нутагт оруулахгүй байхыг хичээдэг, гэхдээ янз бүрийн дэмжлэг үзүүлэхийн сацуу монголчууд нүүдэллэдэг районд хятаджуулалт эрчтэй явагдаж байна, Хятадаас цөөн тооны монголчууд БНМАУ-д шилжиж ирсэн тохиолдолд Хятадын бусад үндэсний цөөнхийн дунд сайнгүй нөлөө үзүүлж магадгүй юм гэжээ. Л.Цэндийн ярианы тэмдэглэлээс үзвэл яриандаа халаад сүүлдээ үндсэрхэг үзэл рүү (тэр үедээ буруутахаар) орж Хятадыг шүүмжлэнгээ “Хятадын их хэрэм ба Түвдийн уулс хүртэл бүх газар нутаг монголчуудынх байсан. Хэрэв түүх судалбал бүгд Монголын газар нутаг байсан” гэжээ.
Гадаад бодлого судлаач, түүхч, архивч нөхдөдөө төгсгөлд нь хандаж хэлэхэд миний энэ нийтлэлийн мөрөөр Та бүхэн эхний ээлжид 1959 оны тэр захидлыг сурвалжлан олж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулна уу!
Комментарии
Загрузка…
Оставить комментарий