Энэтхэг бол манай дэлхийн хамгийн олон явган зорчигчтой улс юм.

Гэвч тус улсын хотуудад явган хүний зам гэж ойлголт бараг байхгүй болсон байдаг. Ихэнх замууд нь эвдэрч гэмтсэн, автомашины зогсоол болсон, гар дээрээс худалдаа эрхлэгчдийн ажлын байр болсон, хогийн цэг болсон, газар шорооны ажлын талбар болсон байдаг юм.

Нийслэл Дели хотын явган хүний замууд бараг л зөвхөн автомашинд зориулагдсан мэт байдгийг олон хүн ярьдаг.

Тиймээс Энэтхэгийн дээд шүүх зургаадугаар сарын 19-ний өдөр явган хүний замаар аюулгүй зорчих нь хүний үндсэн эрх мөн болохыг зарлан тунхаглажээ.

Ингэснээр хотуудын эрх баригчид явган зорчигчийн замуудад анхаарал тавьж, аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй болж байгаа юм.

Аавтайгаа хамт сургууль руугаа явган явж байсан таван настай хүү ачааны автомашинд мөргүүлсэн эмгэнэлт явдлын дараа дээд шүүх ийм арга хэмжээ авахад хүрчээ.

Шүүгч П.С. Нарасимха тухайн үед

“Хүний амьдралтай салшгүй холбоотой, хүмүүсийн өдөр тутмын хамгийн энгийн үйлдэл нь алхах юм. Тиймээс төр иргэдээ аюулгүй алхах замаар хангах үүрэгтэй. Явган хүний замаар алхах үндсэн эрх нь тээврийн хэрэгслээс дээгүүр тавигдах ёстой”

гэж дүгнэсэн юм.

Нэг судалгаагаар Энэтхэгийн хотуудын оршин суугчдын бараг гуравны нэг нь ажил гэрийн хооронд алхдаг, үүнээс гадна метро, автобусаар зорчих үйлдэл ч алхалтаас эхэлдэг гэсэн дүгнэлт гарч байжээ.

2019 онд сонгож авсан хотууд дээр явуулсан судалгаагаар хүмүүсийн нийт зорчилтын 63 хувь алхалт байдаг гэсэн тоо баримт тогтоогдож байв.

CAI-Asia (Clean Air Initiative for Asian Cities) байгууллагын гаргасан “The Walkability in Indian Cities” тайланд Энэтхэгийн явган хүний замын аюулгүй байдал, чанарыг 100-аас 47 оноогоор үнэлж байжээ.

Замаа булаалгасан явган зорчигчид автомашины зам руу орох хэрэг гардаг бөгөөд ингэснээр осолд орох явдал түгээмэл байдаг.

Нэг судалгаа зам тээврийн ослоос үүдэлтэй нийт үхлийн 30-40 хувийг явган зорчигчид эзэлж байгааг харуулжээ.

Энэтхэгт зам тээврийн ослын хохирогчдын хамгийн том бүлэг хоёр дугуйт тээврийн хэрэгслийн зорчигчид, дараа нь явган зорчигчид орж байна.

Дели, Мумбай зэрэг том хотуудад нөхцөл байдал бүр дор, нийт үхлийн талаас илүү хувийг явган зорчигчид эзэлж байжээ.

Дэлхийн Банк явган зорчигчид осолдсоноос үүдэлтэй алдагдсан хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндийн зардал зэрэг эдийн засгийн хохирлын хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 3-5 хувьтай тэнцэж буйг тооцоолсон байна.