Сонирхолтой нь, орон нутгаас биш “Жамбал сан”-гаас энэхүү бүтээн байгуулалтыг өөрсдийн хөрөнгөөр хийсэн юм байна. Судлаад үзтэл Жамбал нь Наранбулаг сумын уугуул, УИХ-ын гишүүн Ганбаатарын аав юм билээ.

Өөрөө ч нийгмийн сүлжээгээр энэ тухайгаа хэлсэн байна лээ. Улс төрийн ямар ч зорилгогүй ээ, аавынхаа төрж, өссөн төрөлх нутаг оронд нь үлдэцтэй, олон жилийн настай хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг.

Манайхан л болсон хойно аливаа асуудлыг ухаж ойлгохоос илүүтэй улстөржүүлж, харддаг болсон цагт ийм тайлбар давхар хийх нь зүй. За тэр ч яах вэ? Хүсвэл албан ёсны хаягтаа байршуулсан видеоноос энэ талын мэдээллийг авч бас нягталж болно.  

Гол асуудал руугаа оръё. Иргэн хүний үүднээс харахад энэхүү бүтээн байгуулалт бол цаг үеэ мэдэрсэн маш зөв бодит ажил болсон гэдгийг хэлмээр байна. Магадгүй Монгол Улсын аялал жуулчлалын салбарын бодлого, түүнд зарцуулдаг төсвийн үр ашгийн сул талыг бэлхнээ харууллаа гэхэд үнэн.

Уг нь 21 аймагтайгаа авто замаар холбогдсон нь үнэн л юм бол иймэрхүү түр амрах цэгүүдийг олноор байгуулах ёстой юм. Бүр болохгүй бол жишиг болохуйц бэлэн загвар нь энд, Наранбулаг суманд байна. Хайрцагнаасаа гарч сэтгэж чадаж байна!

Яг үнэндээ Засгийн газраас Монгол Улсыг сурталчлах нэрийн дор өнгөрсөн хугацаанд хэчнээн тэрбум төгрөгийг гадагшаа урсгав. Үр дүнд нь 21 аймаг, 330 сум нь өнөөх л бахь байдгаараа “Угтах хаалга”-наас өөр хөгжилгүй суугаа нь гашуун үнэн, бидний бодит төрх болсоор удлаа!

Өөрөөр хэлбэл, 21 аймгийг холбосон авто зам дагуух бэлээхэн сүлжээ нь байхад “Угтах хаалга”-аараа өөр хоорондоо өрсөлдөж, уралдах биш гаднын жуулчид, дотоодын аялагчдадаа зориулсан ийм дэд бүтцийг илүү олныг барьж байгуулмаар байна.

Ядаж л орон нутгийнхаа онцлог, байгалийн дурсгалт газрын мэдээллийг илүү цэгцтэй, ойлгомжтой, бүтээлчээр сурталчилдаг болбол зориод ирж байгаа хүмүүстээ ч хэрэгтэй, сум, орон нутгийн амьжиргаанд ч дэмтэй юм аа.

Уг нь Монгол Улс чинь Соёлын болон Байгаль орчны асуудал эрхэлсэн яамтай биз дээ? Энэ олон жил юу санаачилж, яаж гийгүүлсэн болохоороо ийм анзааны бүтээн байгуулалтыг хийж чадахгүй өдийг хүрсэн нь гайхмаар шүү.

Хэлбэр хөөцөлдсөн цементэн хаалга биш, хүндээ хэрэгтэй түр амрах зогсоол олныг бариад эхэлбэл тэр чинь л томоохон сурталчилгаа болохоор байна даа! Монголын аялал жуулчлалын соёл ч, замын аюулгүй байдал ч шал өөр түвшинд очих шүү!

Агаарын юм ярьж асуудлыг аргацааж суухаар амьдралд дэмтэй, бодитой, үр дүнтэй иймэрхүү ажил л Монгол Улсад ус, агаар мэт хэрэгтэй байна даа!

Нийтлэл бичсэн: С.Дөл