Өнөөдрийн арга хэмжээний үеэр монголч эрдэмтэн Өзйетгин Айше Мелек “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номын талаар танилцууллаа. 

Тэрбээр "Их Монгол улсын болон Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн залгамжлагчийн нэг болох Зүчийн улсын түүх нь Түрэг, Монгол ард түмний түүхэн уламжлалын чухал хэсэг. Тиймээс өөрийн мэргэжил нэгт Илиас Кемалоглу багштай хамт хийсэн энэхүү ном маань Монгол хэлээр орчуулагдан хүрч байгаа нь бидний хувьд нэр төртэй хэрэг байлаа. 

Зүчийн улсын төртэй холбоотой одоогийн байдлаар дэлхийн архив, номын сангуудад хадгалагдаж буй 31 зарлиг, албан бичиг анх удаа нэг бүтээлд эмхлэгдэн орсноороо онцлог. Энэ нь дундад зууны Түрэг, Осман, Орос, Латин, Итали хэлээр бичигдэн үлдсэн. Зарлиг, албан бичгүүд нэг дор эмхлэгдэн гарч байгаа нь Монголын болон Түрэгийн түүх, цаашлаад дэлхийн түүхийн судалгаанд чухал ач холбогдолтой. 

Зүчийн улс олон соёл, хэл, давхаргын онцлогоор тухайн үеийн дэлхийн интеграцад өөрсдийн гэсэн байр сууриа эзэлснийг харуулж байгаа. Мөн тухайн үеийн Зүчийн улс олон улсын харилцаанд хүчирхэг байр суурьтай, өөрсдийн гэсэн засаг захиргааны албан уламжлалтай байсан гэдгийг энэхүү зарлиг, албан бичгүүд харуулдаг.