Цагдаагийн байгууллагаас
“...Сүхбаатар аймагт нэр бүхий иргэдээс газрын тосны хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцсэн”
гэх хэргийн талаар өнөөдөр тайлбар мэдээлэл өглөө.
Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр "Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт 2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан ажилчдын байр луу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөд халдаж, дураар авирлаж байна гэх мэдээлэл ирүүлснийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас хүлээн авч, мөрдөн ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 131 дүгээр тогтоолоор Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Матад, Хөлөнбуйр болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд газрын тос эрэн хайх эрх олгосны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай "Монголиа файсон энержи” компани нь 2026 оны долоодугаар сарын 4-ний өдрөөс газрын тос эрэн хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Дээрх компаниас Дорнод аймгийн Матад сумын Хэрлэн тохой гэдэг газарт газрын тос эрэн хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлээр 2026 оны наймдугаар сарын 7-ны өдөр Сүхбатаар аймгийн Сүхбаатар сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт хайгуулын тоног төхөөрөмж, ажилчдын зөөврийн кемпийг түр байршуулсан байна.
Нэр бүхий иргэд түр байршуулсан тоног төхөөрөмж, кемп рүү зөвшөөрөлгүй газрын тос олборлох гэж байна гэх шалтгаанаар нутгийн иргэдийг уриалан 2026 оны наймдугаар сарын 14, 15-ны өдөр Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Монголиа файсон энержи” компанийн ажилчдын кемп рүү хууль бусаар нэвтэрч зөвшөөрөлгүй дүрс бичлэг хийж, хэрүүл маргаан үүсгэсэн асуудалд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Нэр бүхий иргэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл ангиудад заасан хэргүүдээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Мөн дөрвөн иргэнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай баривчилсан. Өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр нэг иргэнийг шүүхийн захирамжаар 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон. Үлдсэн гурван иргэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудал өнөөдөр харьяалагдах шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэнэ" гэв.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий