Тэрбээр

“Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Ногоон, эрүүл, ухаалаг, аюулгүй сургууль”

-ийн загварыг танилцуулж, 2026-2027 оны хичээлийн жилд 100 сургуулийг “Ногоон, эрүүл, ухаалаг, аюулгүй сургууль” болгон шинэчлэн зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэдэг бодлогыг бид энэ хичээлийн жилд хэрэгжүүлэх гэж байна. Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль зэрэг өндөр ачаалалтай сургуулиудыг дахин төлөвлөлтөд оруулна. Ингэснээр 45-аас дээш хүүхэдтэй 1,000 гаруй ангийн 80 хувийнх нь ачааллыг буруулна.

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль. Гэрт ойрхон цэцэрлэг хамгийн цэцэрлэг” байхын тулд тухайн цэцэрлэг, сургууль нь ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй байх ёстой юм байна.

Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль, цэцэрлэгт ямар байх ёстой вэ гэдгийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм. Өнөөдөр улсын хэмжээнд цэцэрлэг, сургууль зэрэг 2,400 орчин боловсролын байгууллагад 1.3 сая суралцагч суралцаж, 114 мянган багш, ажилтан ажиллаж байна.

Бидний хийсэн судалгаагаар сургууль, цэцэрлэгийн барилгын 50 орчим хувь нь 1990 оноос өмнө баригдсан, дулааны алдагдал ихтэй байна. Нүүрс, мод түлдэг сургуулиуд ч байна. Сургууль, цэцэрлэгүүдийн халаалт, цахилгааны зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг.

Энэ онд гэхэд 700 гаруй төрийн өмчийн сургууль, 1,000 гаруй цэцэрлэгийн цахилгаан, халаалтад 418 тэрбум төгрөгийн зардал гарч байна. Тиймээс эхний ээлжид 100 сургуулийг “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” болгоё гэж байгаа юм.

“Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” гэдэг нь сэргээгдэх эрчим хүч ашигладаг, нүүрс түлэхгүйгээр газрын гүний дулаан эсвэл сүүлийн үеийн шинэ технологи нэвтрүүлсэн буюу дулаан, цахилгаан нь байгальд ээлтэй, усыг дахин боловсруулдаг байх. Мөн сургуулийн орчин эрүүл, аюулгүй байх гэдэг шаардлага тавигдах юм. Ухаалаг сургууль гэдэгт интернетэд холбогдсон байх бөгөөд үүгээр дамжуулан нэг сурагч нэг хиймэл оюун ухааны багштай болох зэрэг үндэсний платформуудыг хэрэгжүүлнэ.

Орон нутагт эрүүл, аюулгүй сургууль гэдэг хүрээнд нүхэн жорлонг халж байгаа. Гурван жилийн хугацаанд нийт 1,200 орчим сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халаад энэ жил дуусгаж байна. Өнөөдрийн байдлаар хөдөөд байгаа 332 сургуулийн 317 нь, 218 цэцэрлэгийг 210 нь цэвэрлэх байгууламжаа бүрэн шинэчилсэн байна” гэв.