Монгол Улсаас хилийн чанадад суугаа Өргөмжит консул нь дипломат албаны орон тооны ажилтан биш бөгөөд тухайн улсад байнга оршин суудаг, хариуцсан тойрогтоо бизнес, нийгэм, олон нийтэд нэр хүнд бүхий иргэнийг томилдгоороо онцлогтой. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авалгүйгээр сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулдаг юм.

Өргөмжит консул нь Монгол Улсыг тухайн бүс нутагт төлөөлөхөөс гадна хариуцсан нутаг дэвсгэрт оршин суугаа Монгол Улсын иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамтай холбох, онцгой нөхцөл байдал үүссэн үед дэмжлэг үзүүлэх зэрэг консулын туслалцаа үзүүлдэг. Мөн хоёр улсын бизнесийн байгууллагуудыг холбох, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл, боловсрол, спортын арга хэмжээг дэмжин зохион байгуулах зэрэг чиглэлээр ажилладаг болно гэж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайдын Яамнаас мэдээлэв.