Ерөнхий сайд Нарендра Модигийн эрх баригч Бхаратия Жаната Намыг егөөдсөн утга бүхий нэртэй энэ хөдөлгөөн онлайн орчинд олон сая дагагчтай болж, ялангуяа залуу үеийнхний дэмжлэгийг нэлээд аваад байгаа юм.

Өчигдөр буюу Бямба гарагт нийслэл Шинэ Дели хотод парламентын ордны гадаа уг хөдөлгөөний идэвхтэн олон зуун хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Тэдний зарим нь жоомны зурагтай баг зүүсэн байв.

Өнгөрсөн сард Энэтхэгийн ерөнхий шүүгч Сурья Кант нэгэн хурлын үеэр засгийн газрыг шүүмжилдэг залуу үеийнхнийг “жоом, шимэгч” гэх зэргээр доромжлон ярьсан нь ийм хөдөлгөөн бий болоход хүргэжээ.

Кант сүүлд хэвлэлүүд ярьсан зүйлийг нь гуйвуулсан гэж тайлбарласан ч Бостоны Их сургуулийн оюутан, улс төрийн харилцааны стратегич Абхижит Дипке жоомыг залуучуудын хөдөлгөөний бэлгэдэл болгон ашигласан юм.

Тус хөдөлгөөний вэб сайт, сошиал хуудас ганцхан долоо хоногийн дотор маш олон хүнийг байлдан дагуулж, өчигдрийн байдлаар зөвхөн Инстаграм хуудас нь 22.2 сая дагагчтай болсон байна.

Хөдөлгөөний таних тэмцэг нь “Залуучуудын төлөө залуучуудын үүсгэсэн улс төрийн фронт” гэсэн тодорхойлолттой болжээ.

Өчигдрийн жагсаал нь тавдугаар сард оюутнуудын шалгалтын үеэр гарсан зөрчилтэй холбогдуулан Энэтхэгийн боловсролын сайд Дхармендра Прадханыг огцруулах зорилготой байсан юм.

Жагсагчид “Жоомнууд ирлээ! Дхармендра Прадхан явлаа!” гэх мэт уриаг хашхирч байв.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн Шри Ланка, Бангладеш, Балба зэрэг улсуудад сошиал сүлжээгээр газар авсан залуу үеийнхний тэмцэл хөдөлгөөн төрийг эргүүлэх хэмжээнд хүрсэн нь Энэтхэгийн эрх баригчдыг болгоомжлоход хүргэж байна.

Энэтхэгт залуус хүн амын дөрөвний нэгээс илүү хувийг эзэлдэг ч ажлын байрны боломж хязгаарлагдмал, ажилгүйдэл өндөр зэрэг шалтгаанаар засгийн газарт сэтгэл дундуур байгаагаа улам их илэрхийлэх болсон.

Гэхдээ Модигийн намын зарим дэмжигчид Жоомны Ардын Намыг удахгүй намжих сошиал ертөнцийн нэг үзэгдэл хэмээн үл тоомсорлож байна.