Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг, бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм.

Халдвар хэрхэн дамжих вэ?

  •  Бохир гар, өтгөн, амны замаар
  •  Шүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр
  •  Вирусээр бохирлогдсон тоглоом, аяга халбага, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг эд зүйлсээр
  •  Ойрын хавьтал болон амьсгалын замын дуслаар

Илрэх шинж тэмдэг:

  •  Халуурах
  •  Хоолой өвдөх, хоолонд дургүй болох
  •  Амны хөндий, хэл буйл, завж, гарын алга, хөлийн ул, хурууны завсар, заримдаа өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт гарах
  •  Бие сулрах, уйлагнах, шингэн уух дургүй болох
  •  Зарим хүүхдэд гүйлгэх шинж илэрч болно.

Өвчний нууц үе ихэвчлэн 3–6 хоног байдаг. Өвчний эхний 7 хоногт халдвар тараах эрсдэл өндөр бөгөөд вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул гарын ариун цэвэр маш чухал.

Дараах шинж илэрвэл яаралтай эмчид хандана уу:

  •  Халууралт 2 ба түүнээс дээш хоног үргэлжлэх
  •  Хүүхэд шингэн огт ууж чадахгүй болох
  •  Байнга уйлагнах
  •  Ам хуурайших, шээс цөөрөх, уйлахад нулимс гарахгүй байх
  •  Олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх
  •  Уцаарлах, орчны харьцаа сул болох
  •  Амьсгаадах, татах, хүзүү хөших
  •  Ихэнх тохиолдолд өвчин хөнгөн явцтай, 7–10 хоногт эдгэрдэг. Гэхдээ бага насны хүүхэд, шингэн ууж чадахгүй байгаа хүүхэд, өндөр халуунтай хүүхдийг заавал эмчийн хяналтад байлгана.

Гэрийн нөхцөлд хэрхэн асрах вэ?

  •  Хүүхдийн гарыг савандаж тогтмол угаалгах
  •  Хагас шингэн хоол/машиндсан махтай/ бантан, зутан, шөл зэрэг зөөлөн, бүлээн хоол өгөх
  •  Бүлээн ус, хярам, шингэн зүйлийг ойр ойрхон бага багаар уулгах
  •  Хийжүүлсэн ундаа, чихэр ихтэй зүйл, халуун ногоотой болон давс ихтэй хоол өгөхгүй байх
  •  Амыг цэвэрлэх /ам зайлах боломжтой бол фурасолыг найруулж зайлах, ам зайлах боломжгүй үед тамедины 0.7%-ийн уусмалаар цэвэрлээд дараа нь өвчин намдаагчтай гэл түрхэх /эмчийн заавраар/
  •  Халууныг тогтмол хянах халуун бууруулах эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
  •  Хөвөн даавуун, зөөлөн хувцас өмсгөх
  •  Хүүхдийг цэвэр байлгах, тууралтыг үрж цочроохгүй байх
  •  Өрхийн эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай үед үзүүлэх
  •  Халуун бууруулах, өвдөлт намдаах эм болон тууралтад түрхэх бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх энгийн аргууд: 

  •  Гараа савандаж сайтар угаах
  •  Хүүхдийн тоглоомыг тогтмол угааж, цэвэрлэх
  •  Хаалганы бариул, ширээ, сандал, шал, угаалтуур, суултуур зэрэг хүрэлцдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх
  •  Аяга, халбага, алчуур, угж, тоглоомыг бусадтай хуваалцахгүй байх
  •  Өрөө тасалгааг тогтмол агааржуулах
  •  Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
  •  Түүхий ус уухгүй, баталгаатай ус хэрэглэх
  •  Өвдсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй, гэрт нь асарч, бусад хүүхдээс тусгаарлах талаар анхаарууллаа.