- Адвокаты собрались в пустыне Гоби для участия в тренинге и конференции
- Мероприятие организовано Ассоциацией адвокатов Монголии
- Участников встречали местные отделения ассоциации с угощением
Автобусанд бүх л насны төлөөлөл явж байгаа ч бүгд нэг мэргэжилтэй, нэгэн зорилготой. Харин олны дунд улаан ковбой хүрэм, малгайгаар гангарсан залуу арай л өөр харагдана. Лавтай урлагийн хүн, дуучин болов уу гэж таамаглав. Хэдийгээр би эрх зүйч мэргэжил эзэмшсэн ч анхдагч мэргэжил минь сэтгүүлч юм болохоор энэ автобусанд ковбой малгайт бид хоёр л хөндлөнгийн хүмүүс юм байна гэж таамаглав.
Автобус маань хотоос гараад Төв аймгийн нутагт ороход урдуур суугаа ах босож ирээд
“Та нар манай Төв аймгийн нутгаар өнгөрч байна. Энэ харагдаж байгаа газар ийм нэртэй, тэр бүтээн байгуулалт ийм учиртай”
гэх зэргээр хөтөч маягтай өөрийн нутгаа бидэнд сурталчлав. Хэсэг явж байтал зам дагуу олон хүн, машин байгааг олж харлаа. Юун хүмүүс юм бол гэсэн сониуч бодолтой зэрэгцээд автобус маань хурдаа сааруулсаар зам чөлөөлөөд зогсов. Гэтэл нөгөө олон хүн таваг дүүрэн боорцог, халуун цай барьсаар биднийг зорин ирлээ. Автобус зогсох тэр үед л бидний ард цуваа машин дагаж яваа гэдгийг мэдэв. Нэг машинаас нь Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров бууж ирлээ. Өмнө нь нүүр тулж байгаагүй ч хэвлэлээс харж, сайн өмгөөлөгч гэх цол гуншныг нь дуулж байсан болохоор шууд таньсан хэрэг л дээ. Төсөөлснөөс залуу, нуруулаг хүн байна аа. Тэр хүн бүртэй нэг бүрчлэн дотно мэндчилж, үг солив.
Харин цай цүй болж тоссон хүмүүс “Өмгөөлөгчдийн холбооны Төв аймаг дахь салбар зөвлөл”-ийн өмгөөлөгчид байж таарлаа. Инээд хөөр болон шаагилдах энэ олон хүн 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Өмнөговь аймагт болох “Зүүн болон говийн бүсийн аймгуудын өмгөөлөгчдийн нэгдсэн сургалт, зөвлөгөө”-нд оролцохоор зорьж яваа өмгөөлөгчид юм.
Автобуснаас хоцрохгүй гэж өглөө эртлэн гарсан болохоор аяны замд халуун цай ундаар дайлуулах нь таатай байсныг хэлэх үү, талархлын үгээ харамгүй хэлээд цааш хөдлөв. Зам хорж базаагаагүй байлтай, юу юугүй Дундговь аймагт ирлээ. Энд үлдэнэ гэнэ. Тохитой газар, сайхан зассан ширээнд цай ундаа элбэг, хорхог хүртэл байна. Долгорсүрэн даргатай Өмгөөлөгчдийн холбооны Дундговь аймаг дахь салбар зөвлөл биднийг хүлээн авч байгаа нь энэ аж. Төв аймгийн салбар зөвлөлийнхөнд баярласан талархлын таван үг маань мартагдаж амжаагүй байхад Дундговь аймгийн салбар зөвлөл тунчиг сайхан угтан хүлээж авлаа. Дуутай хууртай, найртай наадамтай нутгаас гадна бас нэг онцлогтой юм байна. Монголын алдар цуутай олон хуульч, өмгөөлөгчид буюу С.Нарангэрэл өмгөөлөгчөөс эхлээд саяхан шинжлэх ухааны доктор болсон Д.Зүмбэрэллхам багш, цэцийн Ж.Эрдэнэбулган багш, Д.Ганзориг багш, одоогийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров гээд энэ нутгаас төрөн гарчээ. Хүний өсөж төрсөн нутаг эрхэм дээд бөгөөд төрж гарсан эрдэмтэн мэргэдээрээ бахархана гэдэг омогшил энэ билээ.
Ингээд бид автобусандаа дуу шуутай сууцгаан цаашаа хөдөллөө. Олон өмгөөлөгч дотор би тоон дотор үсэг болж яваа ч ор хамаагүй хүн гэхэд хаашаа юм. Эзэмшсэн нэг мэргэжил маань эрх зүйч болохоор Дорнод аймгаас зөвлөгөөнд оролцохоор бүртгүүлсэн нэг өмгөөлөгч маань гэнэт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас явж чадахгүй болсон тул өмгөөлөгчийн туслахаар ажилладаг би энд яваа юм.
Олуулаа болохоор ч тэр үү, бид замын уртыг анзаарах сөхөөгүй баясан дуу шуутай явцгаав. Нэг мэдэхэд л Өмнөговь аймагт ирэв. Орчин тойрноо анзаарвал ард явсан машинууд дээрээс нь цагдаагийн машин нэмэгдэн урд гарчихсан явж байна шүү. Өмнөговь аймгийн сүрлэг том угтах хаалга дээр Б.Оюунтунгалаг даргатай Өмнөговь аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгчид биднийг үлээвэр хөгжим, морин хуур, хадаг сүү болсон сүртэй гэгч нь угтав.
“Манай говиор зочлон очоорой” магтаал дуу тэнд уянгалаад л нэг өмгөөлөгч эмэгтэй ирж тэвэрч аваад аян зам хэр байсныг асуун “тавтай морил” гээд найрсаг тэврэв.
Бид аймгийн төвөөс 10-аад км-ын зайтай байх “Гранд говь ресорт” амралтын газарт ирлээ. Амралтын газрын ая тух, хүмүүсийн ааш аяг, үйлчилгээний сайхныг яриад юу гэхэв. Хаа байсан өмнийн говьд, байгалийн сайханд дэлхийд алдартай таван одтой тансаг буудалд буух чинээний тансаглал мэдэрнэ чинээ төсөөлсөнгүй. Цомцог гэр хэлбэртэй тохилог сууц нь ариун цэвэр сахих бүхий л асуудлыг шийдэж чаджээ. Өмнөговийн салбар зөвлөлийнхний хичээл зүтгэл, энэ арга хэмжээнд ямар ач холбогдол өгч бэлдсэн нь илт.
Аяны тоосоо гөвөн, оройн хоолоо идээд хамт ирсэн өмгөөлөгчид маань Даланзадгадын төвд “Нийгмийн дайсан” МУСК үзэхээр явцгаав. Би аяншаад киноноос татгалзан үлдсэн ч өмгөөлөгч нар буцаж ирэхдээ киноны үйл явдлыг ам уралдан ярьж, дүрүүдийг нь задлан шинжилж, шаагилдан магтахыг сонсоод үзээгүйдээ харамслаа. Гэхдээ хүмүүсийн ярианаас бараг л үзсэн мэт боллоо. Өмгөөлөгчийн мэргэжлийн онцлог, амьдрал тэмцэл, ялалт, цөхрөл юу эс туулдгийг тод харуулсан тус киноны найруулагчаар Б.Гарамханд ажилласан бол ерөнхий продюссераар Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Авалон лекс хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Энхболдын Билгүүн нар ажилласан юм байна. Киноны гол дүрийг гавьяат жүжигчин С.Ариунбямба амилуулжээ.
Тавдугаар сарын 25-ны өдөр бидний зорьж ирсэн арга хэмжээний нээлтийн өдөр болов. Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүссэн түүхт 98 жилийн ой яг энэ өдөр тохиож байна. Бүсийн зөвлөгөөнд Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөл болон Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн нийт 100 орчим гишүүн өмгөөлөгч хамрагджээ. Архангайгаас ч төлөөлөл ирсэн гэнэ. Бүсийн сургалт, зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа, Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ч.Энхмөнх, Даланзадгад сумын Засаг даргын орлогч Ө.Хосбаяр, Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг, Өмнөговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Батжаргал, Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа О.Нармандах, Бүсийн шүүх шинжилгээний төвийн дарга, дэд хурандаа Б.Эрдэнэхүү, Өмнөговь аймгийн Нотариатын тойргийн дарга Н.Хандмаа нарын хүндэт зочид хүрэлцэн ирж, зөвлөгөөнд оролцогсдод амжилт хүслээ. Бүсийн сургалт, зөвлөгөөнийг Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров албан ёсоор нээж, үг хэлэв.
Үг хэл нь цэгцэрчихсэн хүн аж. Өмгөөлөгч хүн сайн ярьдаг л байх нь аргагүй гэсэн шүү юм бодонгоо Өмгөөлөгчдийн холбооны ажлын алба, бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсэг, Өмнөговийн салбар зөвлөлийнхөн, орон нутгийн засаг захиргааныхан гээд олон хүний хөдөлмөр зүтгэл энд цугласан бүх хүнийг сэтгэл ханамжтай үлдэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж гэдгийг ойлгов. Бас нэрийг нь мэдэхгүй нууц ноёнтон, хатагтай нарын хөдөлмөр зүтгэл, чин сэтгэлийг мэдэрсэн. Сэтгүүлч хүн “чих урт” гэдэг дээ, Өмнөговийн гаралтай өмгөөлөгч С.Одонтуяа ажлын хэсэгт орж, арга хэмжээний зохион байгуулалтад үнэ цэнтэй хувь нэмрээ оруулж, их үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг олж сонссон. Энд ч нэг зохицуулаад, тэнд ч нэг зохион байгуулаад яваад байсан, арын фронтын дайчин байж. Түүнийг удам дамжсан хуульч бүсгүй гэж сонссон. Салбараа гэх чин сэтгэл нь хаа холдох вэ дээ.
“Өмнөговьд өмгөөлөгчид чуулж байна” гэдэг мэдээлэл гэрлийн хурдаар өмгөөлөгчдийн сошиал сувгуудаар цацагдаж байсныг дурдах хэрэгтэй болов уу. Би юу гэж дутах вэ гэж бодоод “Legal Window of Mongolia” пэйж дээр сургагч багш, өмгөөлөгч Ц.Мөнхбатын хичээл маш их таалагдлаа гэсэн пост оруулав. Арга хэмжээнд явж амжаагүй, очоогүй хүмүүсийн хорхойг гозолзуулж, олон нийтийн анхаарлыг бүсийн зөвлөгөөн рүү хандуулж чадсан хүмүүс бол зураглаач н.Төрөө, хөтлөгч, сэтгүүлч н.Зоригоо хоёр байв. Тэдний хурд, чадвар, мэдрэмжийг магтахгүй яаж өнгөрөх билээ. н.Зоригоогийн аав, ээж хоёулаа хуульч хүмүүс юм билээ. Тиймдээ ч энэ арга хэмжээнд явж, ёслолын болон чөлөөт арга хэмжээнүүдийг чадварлаг хөтөлж, зохион байгуулж байсан нь энэ мэргэжил түүний сэтгэлд илүү ойр байсан биз ээ.
Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч М.Баасанбатад энэхүү арга хэмжээг зохион байгуулах итгэлийг хүлээлгэж, ажлын хэсгийн ахлагчаар сонгосон нь оносон бололтой. Ажил нь гарт нь орчихсон хүн гэж байдаг даа. Яг л тийм хүн аж.
Нээлтийн арга хэмжээний дараа хөтөлбөрт тусгагдсан сургалтууд оров. Сургалтын сэдэв, багш нарын сонголтыг өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг харгалзан шийдсэн нь тун сонирхолтой санагдсан. Хаа байсан АНУ-аас мужийн шүүхийн шүүгчээр Монголын өмнөд цэгт сургалт хийлгээд өмгөөлөгчдөдөө номын дуу сонсгох нь Өмгөөлөгчдийн холбооны удирдлага, ажлын хэсгийнхэн, Мэргэшлийн хорооныхны сэдсэн зөв арга хэмжээ байлаа.
Сургагч багш, өмгөөлөгч Ц.Мөнхбат “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэглээнд анхаарах асуудал”, сургагч багш, өмгөөлөгч, докторант А.Оюунчимэг “Хуульд зааснаар өв залгамжлах”, “Гэрээслэлээр өв залгамжлах”, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч асан Г.Ганзориг, АНУ-ын Техас мужийн Роузбад хотын шүүхийн шүүгч Мэттью Райт нар “Мэтгэлцэх зарчим: Монгол Улс, АНУ, Техас мужийн эрх зүйн зарчим” сэдвүүдээр хичээл оров. АНУ-аас ирсэн хүндэт зочин Мэттью Райт Техас мужийн Роузбад хотдоо шүүгчээр ажилладаг бөгөөд бусад мужид өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг гэнэ.
Би түүнээс
“АНУ-ын шүүх засаглал нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчидтэй хэрхэн харилцан хамтран ажилладаг”
талаар асуув. Монголд шүүхийн шийдвэрээс өмнө шүүж ялладаг байдал газар авсан. Хэвлэлийнхэн маань ч бас шүүхийн шийдвэрээс өмнө хэн нэгнийг яллах, шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх, иргэдийг төөрөгдүүлэх асуудал гарч байгаа тул асуусан юм. Тэрээр “Сошиал хөгжсөнөөр үүнийг хязгаарлах, үнэн бодит мэдээллийг хүргэх явдал асуудал болж байгаа. АНУ-д ч гэсэн мөн адил ийм асуудал тулгарч байгаа” гэв.
Сургалтаас гадна, Өмнөговь аймгийн иргэдэд хотоос ирсэн өмгөөлөгчид маань хоёр өдөр үнэ төлбөргүй зөвлөгөө өгч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэв. Хэдий сургалт, зөвлөгөөн ч гэсэн спортын тэмцээн наадам болж, хүч, хурд, самбаагаа сорьсон юм. Өмгөөлөгчдийг өргөн хамруулж чадсан олс таталт, буухиа гүйлт, дартсын төрлөөр өрсөлдөв. Мөн энэ өдрүүдэд шагналын хур бууж, салбарын болон төрийн одон медалиар зарим өмгөөлөгч шагнуулав.
Олон өмгөөлөгчид нэг дор цуглараад өмсгөлөө өмссөнийг харахад нүд баясгам сайхан байв. Шүүхийн танхимд үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалж зогсдог тэд нэг өдөр ч болов зузаан хавтаст хэргээс хол баяраа тэмдэглэн аз жаргалтай баясаж байгааг харахад таатай. Буцахын өмнөх өдөр Өмнөговь аймгийн музей үзэж, баазаас холгүй “Мухар шивэртийн ам” байгалийн үзэсгэлэнт газар очсон бөгөөд хөдөө байгальд Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийнхөн биднийг хүлээн авалтад урилаа.
Тэмдэглэлийн эхэнд дурдсан олноос онцгойрч улаан ковбой хүрэм, малгайгаар гангарсан залууг би дуучин гэж таамагласан нь эндүүрэл болж миний нүүр номын найз, өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит болж таарав. Тус арга хэмжээг дээд хэмжээнд зохион байгуулсан Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров болон баг бүрэлдэхүүн, ажлын хэсгийн дарга Монголын өмгөөлөгчдийн холбооны УЗ-ийн гишүүн М.Баасанбат, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн Б.Оюунтунгалаг даргатай хамт олон, тархи цэнэглэж, сонирхолтой хичээл заасан сургагч багш нар, сургалтад хамрагдсан аймгуудын салбар зөвлөлийн гишүүн өмгөөлөгч нар, амттай хоол, ая тухтай орчноор хангаж үйлчилгээ үзүүлсэн “Гранд говь ресорт”-ын хамт олонд гүнээ талархаж байна.
Ирсэн зочид тав тухтай, мэдлэг мэдээлэл олж нэмсэн, сэтгэл санаа тэнүүн, арга хэмжээний эмх журам, ая дан таарсан, тун сайхан сургалт зөвлөгөөн болсон нь олон хүний нөр их хөдөлмөр, зүтгэлтэй холбоотой.
Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, ажлын албаныхан гэж гялалзсан ажилсаг хамт олон гэдэг нь арга хэмжээг зохион байгуулсан байдал, оролцоо, үйл ажиллагааны цар хүрээнээс нь харагдлаа. Ямар ч ажлын ард олон хүний хүч хөдөлмөр байдаг. Анзааралгүй, дурдалгүй өнгөрөөсөн бол уучилна биз ээ. Та бүхний зүтгэлийн үр шимийг бид хүртсэн шүү. Сайхан байгаль, сайхан хүмүүс, сайхан арга хэмжээ, мартагдашгүй өдрүүд.
Энэ бүхнээс эв нэгдэл, нөхөрлөл, харилцан хүндлэл, үнэ цэнийг олж харлаа. Бүсийн салбар зөвлөгөөн жил бүр л орон нутагт болдог юм байна. Уржнан буюу 2 жилийн өмнө хага ташим цэнгэг уст Хөвсгөлийн цэнхэр хязгаарт, өнгөрсөн жил хутагт хувилгаадын өлгий Завхан нутагт өмгөөлөгчид сургалт, зөвлөгөөнөө хийсэн бол энэ жил нар төөнөсөн Өмнийн говьд хийв.
Зуны халуунд мөсөн унжлага нь болортох, байгалийн үзэсгэлэнд хүйтэн коктейль шимэн “Мухар шивэртийн ам” хэмээх үзэсгэлэнт газрыг бахдан шимтэж, зуны сард хүрхрээ байдлаар тогтсон мөсөн унжлагын хажуугаар зэрэгцэн урсах устай содон үзэгдлийг ширтэн суусан өдрүүдээ мартахгүй гэдэгт итгэж байна. Орон нутагт болдог энэ сургалт, зөвлөгөөн өмгөөлөгчдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон гэдэгт итгэлтэй байна. Орон нутагт ээлж дараалан болдог нь ач холбогдол өндөртэй юм билээ. Тухайлбал, хуульчийн үргэлжилсэн сургалтын жилийнхээ багц цагийг бүрэн хангах боломж орон нутгийн өмгөөлөгчдөд нээгддэг юм байна. Жилдээ нэг уулзахдаа ойртон нөхөрлөж, танилцаж, мартагдашгүй дурсамж үлдээхийн чацуу харилцан мэдээлэл, туршлага солилцож, шинэ гарсан хууль тогтоомжийн талаар санал бодлоо хуваалцах таатай боломж болдог аж.
“Дараа жилийн наадам даанч хол байна даа” хэмээн санааширдаг шиг Монголын Өмгөөлөгчдийн холбооноос уламжлал болгон явуулдаг сургалт, зөвлөгөөний дараа жилийнх болоход даанч хол байна даа гэсэн бодол тээсээр л хотын зүг хөдөллөө.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх