Түүнчлэн төсөлд “Төрөл, садангийн хүмүүсийн тэжээн тэтгэх үүрэг” гэсэн агуулгатай 50 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв. Тиймээс төсөлд “Насанд хүрээгүй бүтэн өнчин, эсхүл эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй хүүхдийг хөдөлмөрийн чадвартай төрсөн, үрчлэн авсан ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй. Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй өвөг эцэг, эмэг эхээ хөдөлмөрийн чадвартай ач, зээ нь тэжээн тэтгэх үүрэгтэй. Тэжээн тэтгэх үүрэгтэй төрөл, садангийн хүн хоёр, түүнээс дээш байвал тэжээн тэтгэх үүргийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хүн тус бүрийн үүргийг тодорхойлон хэрэгжүүлж болно. Төрөл, садангийн хүмүүс тохиролцож чадаагүй бол тухайн хүний, эсхүл төрөл, садангийн хүний хэн нэгний нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх хүн тус бүрийн хөрөнгө, орлого, хөдөлмөрийн чадвар болон бусад нөхцөл байдлыг харгалзан тэжээн тэтгэх үүргийн оролцоог тодорхойлон шийдвэрлэж болно” гэсэн агуулгатай зүйл нэмэгдлээ.

Мөн ажлын хэсгээс төслийн 22, 59, 61, 70, 71 дэх санал болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудад гүйцээн боловсруулах чиглэл авсан. Эцэст нь хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.