Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ганбат "Элсэлтийн шалгалтад орж буй шалгуулагчдын сэтгэл зүйн эмзэг байдалд тулгуурлан зарим нэг ашиг хонжоо хайсан этгээдүүд олон нийтийн цахим сүлжээнд буруу ташаа мэдээлэл түгээж байна. Тухайлбал, элсэлтийн шалгалтын сэдэв даалгавар задарсан, худалдаж байна, тэдэн төгрөгөөр авсан, зарсан гэх буруу ташаа мэдээлэл тарааж байна.

Элсэлтийн шалгалтын сэдэв даалгавар задрах ямар ч боломжгүй. 24 цагийн камер, холбогдох хууль хүчний байгууллагын мэргэжилтнүүдийн хатуу хяналтад сэдэв даалгавар боловсруулагдаж, шалгалт зохион байгуулагдах өдөртөө шалгалтын төвүүдэд хуулийн байгууллагын тусламжтай хүргэгддэг тул задрах ямар ч боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Иймд элсэлтийн шалгалтын шалгуулагчид, эцэг эх, асран хамгаалагч, багш, иргэд олон нийтэд хандаж хэлэхэд буруу ташаа мэдээлэлд автаж, сэтгэл санаа, санхүүгээрээ хохирохгүй байхыг онцгойлон анхаарах хэрэгтэй” гэлээ.

Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан шуурхай ажлын хэсэг олон нийтийн дунд санаатайгаар буруу ташаа мэдээлэл тарааж, шалгуулагчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа иргэдийг холбогдох хууль хяналтын байгууллагаар тогтоолгож, холбогдох арга хэмжээг авч ажиллах тал дээр шуурхай ажиллаж байгаа ажээ.

Мөн өнөөдөр болон зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах элсэлтийн шалгалтад ирэхдээ шалгуулагчид материалаа үнэн зөв, бүрэн бүтэн авчрах, заасан цагаас хоцрохгүй байхыг холбогдох байгууллагаас санууллаа.