Элсэлтийн Шалгалт (ЭШ)-тай холбоотой мэдээллийг Боловсролын Яамнаас хүргэлээ.
Энэ үеэр анги дэвших болон улсын шалгалтыг хэрхэн зохион байгуулдаг, ямар дүрэм журмыг дагаж мөрддөг талаарх мэдээллийг Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ганбат өгсөн юм.
"Улсын шалгалтын материал задарсан" гэх цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээлэлд тэрбээр хариу тайлбар өгөхдөө "2018 оны Боловсролын сайдын баталсан А/425 тоот тушаал буюу ЕБС-ийн суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журам бий.
Энэхүү журамд зааснаар Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ) улсын шалгалтын блюпринтийг боловсруулдаг. Блюпринт гэдэг нь тавдугаар ангиас ямар хичээлээр хэдэн даалгавраар хэр хугацаанд шалгалт авах вэ гэдэг ерөнхий төлөвлөгөө, чиглэлийг нь БҮТ-өөс гаргаж өгдөг. Сургууль бүр БҮТ-өөс гаргаж өгсөн блюпринтийн дагуу сэдэв даалгавраа өөрсдөө боловсруулж байгаа.
Нийтдээ 700 гаруй сургууль үйл ажиллагаа явуулдаг гэж бодоход 700 янзын хувилбар сургууль бүрд харилцан адилгүй үүсэж байгаа гэсэн үг. Улсын шалгалтыг авч байх явцад сэдэв даалгавар задарлаа гэдэг асуудал байхгүй. Энэ бол ташаа ойлголт" гэлээ.
Үргэлжлүүлэн "2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа шувтарч хаврын шалгалтын үе эхлээд байна. Өөрөөр хэлбэл хичээлийн жилийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа дууссан. Мөн анги дэвших болон улсын шалгалтуудыг авч дууссан.
Удахгүй Элсэлтийн Шалгалт эхлэх энэ цаг мөчтэй холбогдуулан өнгөрсөн шалгалт үнэлгээнүүдийн талаар товч мэдээллийг өгье.
Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааны хамгийн сүүлийн долоо хоногуудад 5, 9, 12 дугаар ангийн сурагчдаас төгсөх улсын шалгалтыг авдаг. Бусад ангийн хувьд нэгдсэн байдлаар анги дэвших шалгалтыг зохион байгуулдаг билээ. Өнгөрсөн хугацаанд цахим орчинд үүссэн зарим нэг буруу ойлголт байна.
Цахимаар "Улсын шалгалтын сэдэв даалгавар задарлаа. Бусад хүүхэд задарсан материалыг ашиглаж байна” гэх мэдээлэл тархсан. Энэ бол ташаа ойлголт.
Анги дэвших болон улсын шалгалт дээр сэдэв даалгавар задарна гэсэн ойлголт огт байхгүй. Харилцан адилгүй буюу давтагдахгүй даалгавар. Харин ижил блюпритээр авч байгаа гэсэн ялгааг онцолж хэлье.
Боловсролын ерөнхий газар, Боловсролын газар, Боловсролын хэлтсүүдээс улсын шалгалтын зохион байгуулалттай холбоотой удирдамж, арга зүй, гарын авлага, зөвлөмж, чиглэлүүдийг нэгдсэн байдал, удирдлагаар хангаж ажилладаг.
ЕБС мөн ялгаагүй мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтууд адилхан зохион байгуулалтаар явж, өөрсдөө сэдэв даалгавраа боловсруулж, багш нар нь өөрсдөө тухайн сургуулийнхаа хүүхдүүдийн дүн мэдээг харж, шалгалтын материалыг засаж, оноожуулж дүгнэж гаргах гэх мэтчилэн бүх процессуудаа хариуцан зохион байгуулна.
Эцэст нь энэ бүх процесс явагдсаны дараа Боловсролын мэдээлэл технологийн төвийн https://www.eec.mn/ мэдээллийн систем дээр хүүхэд нэг бүрийн авсан дүн оноог нь нээлттэй шивж оруулах, байршуулах, дата бүрдүүлэх ажлыг хийдэг. Тэгэхээр улсын шалгалт, анги дэвших шалгалт дээр сэдэв, даалгавар задардаг гэсэн ойлголт огт байх боломжгүй.
Сургууль бүр харилцан адилгүй байдлаар шалгалтаа авдаг гэдгийг тусгайлан хэлэхийг хүслээ" гэж Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ганбат тайлбарлав.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх