Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ онд хийсэн хариу төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх талаар санал солилцсон.

Мөн энэхүү айлчлалын үеэр хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх, энэ хүрээнд тээвэр, логистикийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, соёл, аялал жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэх, хүүхэд залуучууд, спортын салбар дахь харилцааг өргөжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын харилцан ашигтай бизнесийн орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлуудаар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тогтсон. Эдгээрийг ажил хэрэг болгоход хоёр талын Элчин сайдын яам төдийгүй Консулын газрууд чухал үүрэгтэй.

Бүгд Найрамдах Казахстан Улс нь Төв Азийн бүс нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүчний нэг болж буй бөгөөд Евразийн өргөн уудам орон зайд Ази, Европыг холбосон стратегийн зангилаа байрлалтай бөгөөд бүс нутгийн худалдаа, тээвэр, логистик, эрчим хүч, дижитал холболтын томоохон төв болон хөгжиж байна.

Эдүгээ дэлхийн эдийн засаг, геополитикийн шинэ чиг хандлагын хүрээнд Төв Азийн бүс нутгийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна. Ялангуяа Бүгд Найрамдах Казахстан Улс нь олон улсын тээврийн коридор, худалдааны урсгал, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг бий болгох замаар Евразийн хамтын ажиллагааны чухал тулгуур болоод байна. Ийм нөхцөлд Монгол Улс Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлогын хүрээнд Казахстан Улстай хамтын ажиллагааны механизмуудыг идэвхжүүлэх чиглэлийг баримталж байна.

Гадаад харилцааны яам нь Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж, хоёр талын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг дипломат шугамаар, харилцан ойлголцлын зарчимд үндэслэн шийдвэрлэх болно.