ЕХ-ны Modern Diplomacy цахим платформ, америкийн The Diplomat цахим сэтгүүлд Монгол Улсыг «аварга баавгай, аварга лууны дунд бүжиглэж буй pony (одой морьхон Д.У) хэмээн зүйрлэсэн нь тун ч чамлалттай бөгөөд харин ч The Galloping Asian Steed буюу жороолж буй Азийн шандаст хүлэг хэмээн бичих нь зүйд бүрнээ нийцэх билээ.
Монгол Улс ЕХ-ны хувьд Ази дахь “үнэ цэнтэй түнш” мөн бөгөөд геополитикийн давтагдашгүй геостратегийн байршилтай хэмээн 2017 оны хоёрдугаар сард баталсан Европын парламентын тогтоолд онцлон тэмдэглэсэн байдаг.
Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер хэлэхдээ:
“Хятад, Оросын дунд орших стратегийн онцгой байршилтай, бидний чухал түнш, ардчилсан Монгол Улсад бүрэн хэмжээний ДТГ байгуулах амлалтаа ЕХ биелүүлж байна”
гэж дурдаж байжээ.
2017 оны долдугаар сард Еврокомиссын Дэд Ерөнхийлөгч, ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч Федедрика Могерини хэлэхдээ:
“Монгол Улс давтагдашгүй геостратегийн байрлалтай тул ээдрээтэй харилцаа бүхий тус бүс нутагт чухал үүрэгтэй”
хэмээн мэдэгдэж байв.
Монгол Улс газарзүйн онцлог байрлалаа давуу тал болгон хоёр их хөрш болон Зүүн хойд Ази, Төв Азийн сав нутагтай суурь бүтэц, ложистикийн сүлжээгээ хөгжүүлж, ЕХ-той гинжин холбоотой болох шаардлагатай. ЕХ-ноос Монгол Улсад Бээжингээс хавсран суугаа элчин сайд др. Клаус Эберманн хэлэхдээ: “Монгол Улсын газарзүйн байрлал нь ЕХ-г Солонгосын хойгтой холбож байгаа юм” гэсэн байдаг.
ОУВС, Дэлхийн банкны групп болон Bloomberg L.P, “Goldman Sachs Group”, Standard & Poor’s Financial Services LLC, Moody’s Investors Service, Fitch Ratings Монгол Улсын газарзүйн байршил нь стратегийн онцгой ач холбогдолтой гэж дүгнэх болсон билээ.
Азийн хөгжлийн банк “хоёр том гүрний дунд стратегийн байршилтай, арвин баялаг бүхий орон” гэж дүгнэсэн юм.
Рио Тинто корпорацын Захирлуудын Зөвлөлийн тэргүүн Доминик Бартон “Монголын эдийн засгийн форум-2023”-т оролцож, танилцуулсан илтгэлдээ: “Улам бүр туйлширч буй дэлхий ертөнцөд гадаад болон эдийн засгийн ухаалаг бодлого явуулж буй хамгийн нэр хүндтэй улсын нэг билээ. Монгол Улс дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаатай, олон улсын тулгамдсан асуудалд үргэлж жин өгсөж зодоглодог. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, дэлхийн түвшний асуудалд дэлхийн түвшний шийдэл гаргадгаараа энэхүү байр суурийг Монголчууд өөрсдөө олж авсан” хэмээн үнэлсэн байна.
Дээрхээс үзэхэд Орос, Хятадын асар том зах зээлд нэвтрэн орох түшиц газар, Зүүн хойд Азийн бүс, Төв Азийн бүс нутаг, цаашлаад ЕХ-той холбож буй газрын гүүр хэмээн Монгол Улсыг их гүрнүүд сонирхож байгаа нь тодорхой байна. Мэдээж нөгөө нэг чухал хүчин зүйл нь Монгол Улс дахь ардчилал, зах зээлийн эдийн засгийн хөгжил гэдгийг онцлон тэмдэглэдэг.
Далайд гарцгүй, дэлхийн зах зээлээс алслагдсан, хоёр их гүрний дунд хашигдсан, хөгжлийн тусламж горилогч, буурай хөгжилтэй, бага жижиг улс хэмээн онцолж байсан Монгол Улсын газарзүйн байршлын геополитикийн тодорхойлолт хэдийн хуучирсан.
Монгол Улс дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй, хоёр дахь том эдийн засгийн дэргэд оршиж буй Монгол Улсыг дэлхийн зах зээлээс алслагдсан хэмээн яахан тодорхойлж чадах билээ.
Түүнээс гадна Монгол Улс эрдэс баялаг, түүхий эд, эрчим хүчний үлэмж нөөцтэй нь тодорхой болсон нь олон улсын байгууллагын анхаарал, их гүрнүүдийн болон үндэстэн дамнасан бизнесийн бүлэглэлүүдийн геополитик, геоэдийн засгийн ашиг сонирхлыг эрхгүй татаж, энэ нь томоохон шинэ боломж, түүнчлэн томоохон шинэ эрсдэлийг дагуулж байгааг ч хэлэх хэрэгтэй болов уу. Мэдээж үүнд уул уурхайн салбар юуны өмнө хамаарна.
Далайд гарцгүй Монгол Улсын туйлын сул талыг өөрийнх нь байгалийн баялаг, эрчимтэй хөгжиж буй Хятадын зах зээлийн эрэлт хэрэгцээ, Орос, Хятадын иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэл, Монголын геополитикийн оронзай, газарзүйн байршлын геостратегийн шинэ үнэлгээ харьцангуй давуу талыг буй болгож, эерэг тийш нь аажим боловч өөрчилсөөр буйг онцлон дурдах ёстой.
Монгол Улс Орос-Хятадыг дөт замаар, Зүүн Ази, Солонгосын хойг-ЕХ-г холбох landbridge хийгээд transit улс болох зорилготойг дахин сануулах юун.
Монгол Улсын хойд хөрш ОХУ дэлхийн хамгийн том нутаг дэвсгэртэй, цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, Өмнөд хөрш БНХАУ дэлхийн хамгийн их хүн амтай, цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд тийнхүү өөр өөрийн онцлог бодлого, байр суурьтай хоёр хөршөөр хүрээлэгдсэн цорын ганц гэж хэлж болохоор (өнөөгийн байдлаар) геополитикийн давтагдашгүй байршилтай юм.
Өрнөдийн эдийн засгийн өргөн хүрээтэй хориг арга хэмжээтэй холбоотойгоор ОХУ-ын Алс Дорнодын бодлого, ялангуяа БНХАУ-ыг чиглэсэн бодлого идэвхэжсэн нь Монгол Улсын геополитик, гео-эдийн засгийн ач холбогдлыг мэдэгдэхүйц өсгөсөн билээ. Монголын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий дамжуулах хоолой тавихаар гурван хөршийн төрийн тэргүүн нарын Бээжингийн VII удаагийн дээд түвшний уулзалтаар шийдэгдсэн нь тус улсын газарзүйн байршлын ач холбогдлыг харуулж буйг үгүйсгэж үл болохоос гадна харилцан итгэлцэл үлэмж нэмэгдсэнийг чухалчлан тэмдэглэх хэрэгтэй болов уу.
БНХАУ Хятад-Оросын харилцаа хэзээ ч холбоотны харилцаанд эргэж очихгүй гэж өндөр дээд түвшинд тэмдэглэж ирсэн нь хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд эерэг нөлөөтэй.
Орос-Хятадын харилцаа “иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэл”-ийн түвшинд хүрсэн нь Монгол Улсын гадаад хамгийн ойр орчин таатай байна гэж үзэж болохоор байна. Хоёр хөршийн хоорондын харилцаа хурцадмал байх үед Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байсныг дипломатын түүх харуулдаг. БНХАУ хүйтэн дайны үеийн нэг тал хэзээ ч байгаагүй бөгөөд эдүгээ ч “Шинэ хүйтэн дайн”-ы үеийн нэг тал болохгүй гэдгээ янз бүрийн түвшинд мэдэгддэг.
Хоёр хөршийн худалдааны эргэлт 2025 оны эцэст 240 тэрбум ам.долларыг үндсэндээ хэвээр хадгалав. Дээрх үзүүлэлтэд дэлхийн зах зээлийн үнээс доогуур газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт, нүүрсний экспорт голлон нөлөөлснийг тэмдэглэх хэрэгтэй.
Монгол Улс одоогоор Евразийн бүс нутагтаа хөрш гүрнүүдтэйгээ улс төр, газар нутгийн аливаа маргаангүй, стратегийн түншлэлийн эрхзүйн үндсийг тавьсан ганц улс болж байгаа бөгөөд хамгийн сүүлд Монгол Улс 2002 онд ОХУ-тай 3543 км урт хилийг хамтран шалгаж эцэслэн тодотгосон бол, 2001-2004 онд БНХАУ-тай хилээ хоёр дахь удаагаа хамтран шалгаж, 4709.6 км урт хилийн шугамыг нарийвчлан тогтоож, Монгол Улсын хилийн багануудыг анх удаа боржин чулуугаар шинэчлэн босгов. Ийнхүү өнөөдөр Монгол Улсын хилийг эмжсэн 8219 километр, 895 метр урт хил олон улсын гэрээ, хэлэлцээрээр баталгаажсан нь тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын чухал хүчин зүйл болж байна.
Өнөөгийн байдлаар Монгол Улс Зүүн хойд Ази болон Төв Азид газар нутаг, улс төрийн аливаа маргаангүй гагц улс болж байгаа боловч одоогоор хойд хөрштэй худалдаа-эдийн засгийн тэнцвэргүй байдал үргэлжилж буй бөгөөд, цаашид үүнийг шийдвэрлэх гарц нь 2025 оны зургаадугаар сард Минкс хотноо гаруй гарын үсэг зурсан Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээр бөгөөд дурдсан хэлэлцээр ирэх долдугаар сарын 21-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх гэж байгаа нь чухал ач холбогдолтой билээ. Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем (БТКУС)-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифыг тэглэх, багасгах, тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх, хөнгөлөх зэрэг дөрвөн төрлийн зохицуулалтыг хийхээр тохиролцжээ. Энэ нь зөвхөн гаалийн тарифт хамаарах бөгөөд НӨАТ, онцгой албан татварт хамаарахгүй юм.
Монгол Улсаас ЕАЭЗХ-ны зах зээлд экспортлох 367 барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бол ЕАЭЗХ-ноос импортлох барааны 81.7 хувь нь манай улсад үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал эрдэс, химийн, 7.5 хувь нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн байна. Үүний зэрэгцээ улаан буудай, өндөг зэрэг хүнсний гол нэрийн бараанд квот тогтоож, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн тарифыг хэвээр ногдуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг тусгажээ.
Чингэснээр дотоодод үйлдвэрлэдэггүй, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай бараа, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэж, импортын өртөг багасах, инфляц тооцоход ашигладаг импортын 42 нэр төрлийн бүтээгдэхүүний тарифыг тэглэж, өрхийн хэрэглээний зардал багасах боломжтой. Мөн худалдааг хөнгөвчлөх хүрээнд экспортын бараанд 50-иас дээш хувийн дотоодын гаралтай орц ашигласан тохиолдолд тарифын хөнгөлөлт эдлэх, 5000 еврогоос доош үнийн дүнтэй бараанд гарал үүслийн гэрчилгээг өөрөө мэдүүлэх, эрсдэлийн үнэлгээнд суурилсан шалгалт хийх зэрэг шинэ зохицуулалтыг нэвтрүүлэн бизнесийн зардлыг багасгах нөхцөл бүрдэх юм.
2025 оны есдүгээр сард БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдсан ШХАБ Тяньжин 2025 дээд түвшний уулзалтаар баталсан “ШХАБ-ын 2026–2035 оны хөгжлийн стратеги”-т тус байгууллагыг цэргийн эвсэл болгохгүй гэсэн үндсэн чиг шугамыг хэвээр хадгалсан хэдий ч өмнөх 2015 оны стратегиас ялгаатай нь эдийн засгийн хамтын ажиллагаа болон институцийн интеграцыг эрс гүнзгийрүүлэх шинэ шатанд шилжсэнийг зарласан билээ.
ШХАБ институцийн шинэчлэлийн хүрээнд өмнөх уулзалтуудаар “ажиглагч” болон “яриа хэлэлцээний түнш” гэсэн статусыг тусад нь авч үздэг байсан бол Тяньжинд тэдгээрийг нэгтгэх улс төрийн шийдвэр гарч, “ШХАБ-ын түнш” (SCO Partner) гэсэн нэгдсэн ангилалд оруулж, бүтцийг илүү цэгцтэй болгож, Лаос улсыг шинэ түншээр элсүүлж, ШХАБ-ын нийт гэр бүл 27 гишүүнтэй болов. Мэдээж Монгол Улс “түнш” статуст шилжих шаардлагатай болов уу.
Тяньжины дээд түвшний уулзалтаар ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах тохиролцоонд хүрч, Хятад Улс 1.4 тэрбум ам. долларын санхүүжилтийн зээлийн шугам нээсэн нь тус байгууллагын хүрээнд бие даасан мега хөтөлбөрүүд хэрэгжих таатай боломжийг нээж, энэ нь Монгол Улсын хувьд ач холбогдолтой байгааг тэмдэглэх хэрэгтэй.
2025 оны есдүгээр сарын 1-нд Тяньжинд болсон ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиглагчаар оролцож, Монгол Улсын гадаад бодлогын зарчим болон бүс нутгийн эдийн засаг, байгаль орчны хамтын ажиллагааны талаар дараах үндсэн байр суурийг илэрхийлсэн билээ. Үүнд: Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж буйг дахин нотолж, ШХАБ-ын гишүүн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн эдийн засаг, суурь бүтцийн интеграцад бодит хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн давуу талдаа түшиглэн худалдаа, тээвэр, ложистикийн нэгдсэн зангилаа хаб болох “Транзит Монгол” стратегийн зорилтоо танилцуулж, Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрийг урагшлуулах, ялангуяа авто зам, төмөр замын бүтээн байгуулалт болон Монголын нутгаар дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийг идэвхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэсэн.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа чухал болохыг дурдаж, Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрийн тухайд танилцуулж, Улаанбаатар хотноо 2026 оны зун зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) амжилттай зохион байгуулахад ШХАБ-ын орнуудыг идэвхтэй хамтран ажиллахыг уриалсан билээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Даян дэлхийн засаглалын санаачилга”-ыг (дэмжиж, энэхүү санаачилга нь НҮБ-ын тогтолцоонд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэйг Монгол Улсын төрийн тэргүүн онцолсон юм.
2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр Бээжин хотноо В. Путин, Ши Жиньпин нарын гарын үсэг зурсан
“Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг улам бүр хүчирхэгжүүлэх, Сайн хөршийн, найрсаг, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Хамтарсан Мэдэгдэл”
-д тэмдэглэхдээ:
“Талууд Монгол Улсын оролцоотой гурван талт механизмын зохицуулалттай хамтын ажиллагаа болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэтийн төлөвийг өндрөөр үнэлж байгаа бөгөөд тус коридорын хүрээнд хамтран байгуулах гол төслүүдийн хэрэгжилт, хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулах болно. Талууд Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг бүс нутгийн интеграцын үйл явцад нэгдэхэд нь туслалцаа үзүүлэхээр тохиролцов”
гэсэн нь анхаарал татаж байна.
Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд харилцаагаа амжилттай урагшлуулан хөгжүүлж, Төв Азийн бүс нутагт чиглэсэн Монгол Улсын гадаад харилцааны орон зай шинээр тэлж, бүхэл бүтэн болов.
Ойрын ирээдүйд Монгол Улсын баруун босоо тэнхлэгийн суурь бүтцийг Дундад коридортой холбох таатай болж харагдаж байна.
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Ий Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон хоёр улсын худалдааны хэмжээг 20 тэрбум ам. долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх, хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, суурь бүтцийн бүтээн байгуулалт, тээвэр ложистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд холбогдох хилийн боомтуудын бүтээн байгуулалтыг урагшлуулах, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын холболтыг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорыг урагшлуулах хүрээнд Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлд хурдны автозамын төсөл, байгалийн хийн төслийг эрчимжүүлэхэд хамтран ажиллахаар хэлэлцсэн нь чухал ач холбогдолтой.
Монгол Улсын байгалийн баялаг Bloomberg-ийн үнэлгээгээр тогтоогдсон нөөц 2.3 их наяд ам. доллар байна. 2019 оны наймдугаар сард Монгол Улсын байгалийн баялгийг зарим томоохон банкны судалгааг үндэслэн 32 их наяд ам. доллар гэж үзсэн байдаг.
АМГТГ-ын бүртгэсэн нөөц 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсад ашигт малтмалын 1,170 орд, 8,000 гаруй илэрц байна. Оюу Толгойн орд зөвхөн алтны нөөцөөрөө гэхэд л дэлхийд зургаадугаар байрт (46,340,000 унц алт=1,200 тн (нэг унц алт=US$5,279.11 in March 1, 2026) 244.6 тэрбум ам. доллар) орж байгаа нь Монголын нэг иргэнд 249.4 сая төгрөг ногдож байна.
Монгол Улс бүс нутгийн хэмжээнд эрчим хүч болон нүүрс, зэс, алт, уран, газрын ховор элементийн нийлүүлэлтийн тоглогч (“зохих хэмжээнд” гэдгийг онцлов) болох боломжтой гэж олон улсын шинжээчид үзэх болов. Монгол Улсын Эрдэс баялгийн үндэсний Зөвлөл 2022 оны арванхоёрдугаар сард 14.5 сая тн газрын ховор элементийг албан ёсоор бүртгэж авсныг тус зөвлөлийн цахим статистикаас харж болно.
2024 оны хавар тохиолдсон гэнэтийн хүчтэй зудны улмаас 8.1 сая мал хорогдсон хэдий ч 2025 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 58.1 сая толгой мал тоолуулжээ. Малын тоог төрлөөр нь авч үзвэл адуу 5.1 сая, үхэр 5.4 сая, хонь 23.8 сая, ямаа 23.1 сая болсон бол тэмээ 501.3 мянга тоологдсон байна.
Монгол Улсын мал аж ахуй бол эдийн засгийг солонгоруулах томоохон нөөц боломж, гео-эдийн засгийн чухал хүчин зүйл, үзүүлэлт мөн.
Монгол Улс Владивосток, Тяньжин боомтоор далайд гарцтай болох эрхзүйн үндэс тавигдаж, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD) байгууллагын 2025 орны арванхоёрдугаар сарын тайланд тэмдэглэснээр нийт 1 сая тонны даацтай 356 хөлөг онгоц Монгол Улсын далбааг мандуулан нээлттэй далайд хөвж яваа ажээ. Монгол Улсын Далайн захиргаа анх 2003 онд “Нээлттэй бүртгэл”-ийн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор нийт 4,700 орчим хөлөг онгоцыг бүртгэжээ. Далайн захиргааны газрын 2025 оны арванхоёрдугаар сарын мэдээллээр Монгол Улсын бүртгэлтэй нийт 29 орны 356 хөлөг онгоц ачаа тээвэрлэж, тэнд 700 орчим далайчин тус байгууллагын гэрчилгээтэй ажиллаж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл Монгол Улс “өөрийн худалдааны флот”-той гэж хэлж болохоор байгаа юм. ОХУ-ын нутгаар дамжин Монгол Улс далайд гарцтай болох боломж бүрдэж байгаа нь худалдаа-эдийн засгийн төдийгүй геополитикийн ач холбогдолтой. Мөн тус хотод Монгол Улс Худалдааны төлөөлөгчийн газраа нээв.
Тийнхүү Монгол Улс нь далайд гарцгүй хөгжиж буй 32 орноос өвөрмөц онцлог ялгаатай, газарзүйн байршлын харьцангуй давуу талын ач холбогдол нь дээшилж буй үнэлгээтэй улс хэмээн онцлон тэмдэглэх ёстой болов уу.
2026 оны эхний улирлын байдлаар цөмийн эрчим хүч нь БНХАУ-ын нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 4.8 хувийг эзэлж байна. Хятад улс 15 дугаар таван жилийн төлөвлөгөөнийхөө хүрээнд цөмийн эрчим хүчийг эрчимтэй нэмэгдүүлэхээр зорьж, 2030 он гэхэд суурилагдсан хүчин чадлыг 110 ГВт-д хүргэж, дэлхийн хамгийн том цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч улс болохоор төлөвлөж байгаа ажээ. Цаашлаад 2035 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 хувийг цөмийн эрчим хүчээр хангах зорилт тавьсан тухай Cиньхуа агентлаг мэдээлэв. Хятадын Ерөнхий цөмийн эрчим хүчний групп 2035 он гэхэд нэмж 150 реактор барьж, хүчин чадлаа 200 ГВт-д хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэхүү амбицтай зорилтод хүрэхийн тулд Хятад улс жил бүр дунджаар 10 ГВт буюу 6-аас 8 шинэ реактор нэмж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж Цөмийн бизнес платформ тэмдэглэжээ.
Хятад улс 2030 он гэхэд 110 ГВт хүчин чадалд хүрэхийн тулд их хэмжээний уран шаардлагатай байгаа юм. Монгол Улс дэлхийн ураны нөөцийн 2 хувийг бүрдүүлж 10-т эрэмбэлэгдэж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын Дорноговь аймгийн “Зөөвч-Овоо”-н ураны уурхайд голлон төвлөрч байгаа бөгөөд Хятад улс Монголын гол худалдан авагч эсвэл хөрөнгө оруулагч болох магадлал өндөр юм. Энэ нь эдийн засгийн том хөшүүрэг болж чадах талтай. Эдгээр алхмууд нь Монгол Улс ойрын ирээдүйд уран экспортлогч болоод зогсохгүй, өөрийн гэсэн цөмийн эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох үндэс суурийг тавих боломжтой.
Эцэст нь, Нэгт, Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжил удааширч байгаа боловч үүнийгээ анх 2019 оны аравдугаар сард хуралдсан ХКН-ын 19 дэх удаагийн сонгуулийн Төв Хорооны IV бүгд хурал өндөр хурдацтай хөгжлөөс өндөр чанарт суурилсан хөгжилд шилжиж байна гэж анх удаа онцлон тэмдэглэсэн бөгөөд харин 2026 оны гуравдугаар сарын 5-нд ажлаа эхэлсэн БХАТИХ-ын 14 дэх удаагийн сонгуулийн IV чуулган БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг 2026-2030 онд хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөг баталж, чанарын шилжилтийг дижитал технологи АI болон квант тооцоололтой холбон хөгжлийн хөдөлгөгч зүтгүүрийн үндсэн хэсэг, хүн амын насжилтын асуудлыг шийдвэрлэх чухал хүчин зүйл гэж үзэв. Хятадын хөгжлийн ололт глобал эдийн засгийн хөгжил, олон улсын харилцааны олон талт системийг бүрдүүлэхэд болон Монгол Улсын хөгжилд эерэг нөлөө үзүүлсээр ирснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу.
Хоёрт, Даяаршил, чөлөөт зах зээл, дижиталчлалыг зөв залж жолоодох, манипуляц хийх явдал зайлшгүй чухал болж байна. Даяаршлын үйл явцад улс орны бүх салбар хамрагдаж, харилцан хамаарал үндэсний аюулгүй байдлыг тодорхойлогч нэг томоохон хүчин зүйл болов. Ийм түүхэн үед улс хоорондын харилцаанд эрх тэгш байх, шударга байх, олон хэлбэртэй байх, хамтын хариуцлага хүлээх зэрэг үндсэн зарчмын ач холбогдол өсөж байна. Даяаршлын боломж бол хамтран ажиллаж, хамтаар хожих, хамтдаа ашиг хүртэх явдал мөн.
Гуравт, Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтэй холбоотойгоор Хятад нүүрсний хэрэглээгээ үе шаттай багасгах чиг барьж байгаа нь Монгол Улсын хувьд таатай биш. 2022 оны эцэст Хятад руу хийсэн ОХУ-ын нүүрсний экспорт 31 хувиар өсөж 69.5 сая тоннд хүрч байсан бол 2023 оны эцэст 100 сая тонныг давсныг дээр тэмдэглэсэн. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, ОХУ 2025 онд Хятад улс руу нийт 88.9 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэхүү үзүүлэлтийг өмнөх жилүүд болон нүүрсний төрлөөр нь авч үзвэл, 2024 онтой харьцуулахад экспортын хэмжээ 6.5 хувиар буурсан байна (2024 онд 95.1 сая тонн байсан). Нийт экспортын дотор коксжих нүүрсний хэмжээ 32.76 сая тонн байсан нь өмнөх оноос 7.4 хувиар өссөн үзүүлэлт юм. 2025 онд ОХУ нь Хятадын нүүрсний импортын зах зээлд Индонез (211.5 сая тонн) болон Монгол Улсын (89.0 сая тонн) дараа буюу гуравдугаарт эрэмбэлэгджээ. Монгол Улсын БНХАУ-д гаргах нүүрсний экспорт энэ онд 26 хувиар өсөж, 105 сая тонн хүрснээр Засгийн газрын зорилт болох 95 сая тонноос давах боломжтой гэсэн тооцооллыг Bloomberg Intelligence-ийн шинжээчид танилцуулжээ. Өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ын Шаньси мужийн нүүрсний уурхайд ноцтой осол гарсны улмаас уурхайн аюулгүй байдлын хяналт шалгалт чангарч, улмаар тус улсын дотоодын нийлүүлэлт хумигдаад байгаа ажээ. Мөн Хятад улс Австралиас авах импортоо бууруулах бодлого баримталж буй нь Монголын экспорт нэмэгдэхэд нөлөөлнө гэж үзжээ. Экспортын өсөлтөөс Монголын хувийн хэвшлийн олборлогчид, тэр дундаа Mongolian Mining Corporation хамгийн өндөр ашиг хүртэх төлөвтэйг Bloomberg мөн онцолжээ. Дөрөвдүгээр сард Монгол Улсын БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөнөөр тус улсын нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонез улсыг сарын дүнгээр ардаа орхисон байна.
Дөрөвт, Хятадын эдийн засаг асар хурдацтай дижиталчлагдаж байна. Монгол Улс эл үйл явцтай хөл нийлүүлж дижитал дээд бүтэц, ложистикийг эрс сайжруулах шаардлагатай.
Тавд, Геополитикийн гол элемент болох хүч чадалд хамаарах хүчин зүйл бол ардчилсан ухаалаг засаглал, түүний чанар хийгээд улс төрийн удирдагчийн behavior, ёсзүй, зөвшилцөх чадавх бөгөөд улс орны үндэсний аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлдэг. Энэ бол Монгол Улсад хамаарах магад чухал хүчин зүйл мөн болно.
Зургаад, Удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй Орос, Өрнөд, Хятад, Америкийн геополитикийн сөргөлдөөн, Орос, Хятадын эдийн засгийн хөгжилд, цаашлаад Монгол Улсын худалдаа-эдийн засаг, “гуравдагч хөрш”-ийн бодлогод таатай нөлөө үзүүлэхгүй.
Долоод, Дэлхий дахиныг хамарсан цар тахал, Украин, Ираны дайн, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын гадаад, дотоод бодлогын шинэ параметр олон зүйлийг шинээр үнэлэх боломж олгож байна.
Наймд, Харилцан шалтгаалцал, даяаршил, олон улсчлал (internationalism), дижитал үйл явц нийгмийн бүхий л хүрээг хамарч, гадаад, дотоод орчин маш хурдан өөрчлөгдөж, тиймээс ойрх ирээдүйн төлөв байдлыг ч урьдчилан төсөөлөх боломж тун бүрхэг байна.
Ест, Монгол Улс газарзүйн байршлын геостратегийн өөрчлөлтийн эерэг үнэлгээг урт, удаан хугацаанд тогтвортой хадгалах явдал чухал болно.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх