"Наймдугаар сарын 10-н гэхэд багшийн үнэлгээний индексийг эцсийн байдлаар зарлана"

Энэ талаар "Тавдугаар сард бүх гүйцэтгэлийн үнэлгээг хийж дууссан. Сургуулийн Өмнөх Боловсрол(СӨБ)-ын тухайд 1,016 цэцэрлэгийн 7,355 багш хамрагдсан. Нийтдээ 136,000 хүүхэд хамрагдсан байна.

Цэцэрлэгийн хоёр, гурван настай хүүхдүүдийг ямар нэгэн үнэлгээнд огт хамруулахгүй. Харин бэлтгэл бүлэг, ахлах ангийн хүүхдүүдээс зөвхөн ажиглалт буюу хүүхдэд гарч буй хөгжлийнх нь ахиц амжилтыг үндэслэж үнэлнэ.

СӨБ-ын улсын дундаж урьдчилсан байдлаар 97.1 хувьтай гарч байгаа.

Харин Ерөнхий Боловсролын хувьд төрийн өмчийн 711 сургууль гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан. Тодруулбал гүйцэтгэлийн үнэлгээнд 30,106 багш, 870,000 орчим сурагч хамрагдсан. Мөн ялгаагүй нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдээс ямар нэгэн шалгалт үнэлгээг журмынхаа дагуу огт аваагүй.

  • 3-5 дугаар ангийн хүүхдүүдээс бичгээр шалгалт авсан.
  • 6-12 дугаар ангид цахим шалгалтыг урьдчилж авсан.

Урьдчилсан байдлаар улсын хэмжээний цахим шалгалт буюу сурлагын ахиц амжилт, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт 59.3 хувьтай үнэлэгдсэн. 

Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн хэзээ эцэслэгдэх вэ гэвэл: 

Сургууль бүр дээр багш нарыгаа Үнэлгээний комисс нь үнэлээд, үнэлсэн үр дүнгийн датаг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-д илгээж, тухайн үнэлгээний төвөөс тухайн багшийг дөрвөн шалгуур, 12 үзүүлэлтээр үнэлж байгаа юм.

11 үзүүлэлтийн дүн оноог сургууль нь өөрсдөө тавина. Харин 12 дахь буюу бичгийн шалгалтын дүнг БҮТ-өөс нэмж тооцоод тухайн багшийн эцсийн нийт оноог нь гаргах үйл явц БҮТ-д явагдаж байна.

Наймдугаар сарын 10-н гэхэд тухайн багш хэддүгээр индекс дээр үнэлэгдсэн, хэдэн хувийн урамшуулал авах вэ гэдэг нь эцсийн байдлаар улсын хэмжээнд зарлагдана" гэдгийг хэллээ. 

Гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн зохион байгуулж байгаа тухай "Жил бүр улам боловсронгуй болгож өмнөх алдаа дутагдлуудаа засаж ирсэн. 

Энэ жил Засгийн газраас хэрэгжүүлсэн “Багшийн ачааллыг чөлөөлье” арга хэмжээний хүрээнд гүйцэтгэлийн үнэлгээгээр дамжуулж багшаас ямар нэгэн бичиг цаас, тайлан, зөвлөмж нэхэхгүй хялбар аргыг эрэлхийлсэн. 

Ингэснээр багш нараас өөрсдөөс нь “Гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн яаж, зохион байгуулж авбал илүү оновчтой вэ" гэдэг санал асуулгыг онлайнаар авсан.

Багш нарын олонх нь байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг Боловсролын Үнэлгээний Төв цэвэр хөндлөнгөөс авах нь зүйтэй юм. Харин багшийн гүйцэтгэлийн үнэлгээг хөндлөнгийн байгууллага зөвхөн нэг удаа ирээд үнэлдэг нь буруу байна. Үүнийг сургууль дээр суурилсан байдлаар тухайн сургуулийн үнэлгээний комисс буюу удирдах зөвлөлийн гишүүд, сургуулийн удирдах багаас нь бүтэн жилийн хугацааны үйл ажиллагаа, үйл явц, бодит ажлын үр дүн, чанар ахиц зэргийг тооцож үнэлдэг байх нь зүйтэй гэсэн санал өгсөн. Ийнхүү гүйцэтгэлийн үнэлгээний холбогдох журмыг өөрчилж, багш нараас гаргасан саналын дагуу байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хөндлөнгөөс Боловсролын Үнэлгээний Төв авдаг.

Багшийн гүйцэтгэлийн үнэлгээг сургуульд суурилсан байдлаар авдаг. Энэ хоёр үнэлгээний үндсэнд тухайн багшийн урамшууллын индекс нь тооцогдох юм" гэлээ. 

"Тухайн багшийн гүйцэтгэлийг олон хүн үнэлэхгүй"

Үргэлжлүүлэн "Өнгөрсөн жилүүдэд багшийн гүйцэтгэлийн үнэлгээг хийхдээ нэг багшийг 

  • захирал 
  • сургалтын менежер
  • нийгмийн ажилтан 
  • заах аргын нэгдлийн ахлагч 
  • багш өөрөө өөрийгөө 
  • хамт олон нь тухайн багшийгаа 
  • сурагч, эцэг эхчүүд нь үнэлдэг гэх мэтчилэн нэлээд олон талын оролцоотой авдаг байсан.
Энэ жил тухайн багшийг олон хүн үнэлэхгүй. Ерөөсөө үнэлгээний багийнхан бүтэн жилийн хугацааны ажлынх нь чанар, үр дүн, ахиц, амжилт, үйл явцыг нь мэдээлэл, нотлох баримтад нь тулгуурлаад шууд үнэлж байгаагаар ачаалал багатайгаар авагдсан.

Гэхдээ багш нараас хэт их тайлан нэхэж, ачаалал нэмэгдэж янз бүрийн нотлох баримт нэхэж байна гэдэг асуудал гарсан. Энэ бол ганц нэг сургууль дээр гарсан асуудал. Үүнд холбогдох арга хэмжээг авч багшид ачаалал үүсгэхгүй байхаар зохион байгуулж байна. 

Ийм хэлбэрээр зохион байгуулж авснаараа давхар тухайн сургуулийн удирдлагын багийн ажлынх нь чанар, үр дүнг үнэлж байгаа юм.

Чухам юу гэсэн үг вэ гэхээр есдүгээр сарын 1-нээс хичээл эхлэх үед тухайн багш дээр “Энэ багш олон нийтийн арга хэмжээнд хэр зэрэг оролцсон бэ", "олимпиад, уралдаан тэмцээн, бусад сургуулиас авч буй хөндлөнгийн үнэлгээ, явцын үнэлгээнд ямар үр дүн гарсан бэ" гэдэг дата мэдээллийг тухай бүрд нь бүрдүүлж явсан сургуулийн удирдлагууд энэ хаврын улиралд багшаас нэг ч нэмэлт мэдээлэл хүсэхгүй. Өөрөөр хэлбэл бүтэн жилийнхээ явцын дата мэдээлэлд үндэслээд багш нарынхаа үнэлгээг гаргаж байгаа юм.

Харин тэгж яваагүй тохиолдолд ямар ч дата байхгүй учраас багш нараас тайлан нэхсэн асуудал гарч байгаа. Давхар сургуулийн удирдлагуудын ажлын үр дүнг шалгаж байгаагаар энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ онцлогтой" гэлээ.